16 настай охин 100 гаруй эм ууж хордлогод оржээ

Эх Нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч Д.Чинбаттай ярилцав.
-Танай тасагт ихэвчлэн ямар хүүхдүүд ирж эмчлүүлж байна?
-Сүүлийн үед хүйтний улирал ирж байгаатай холбоотой хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлт ихэсч байна. Өндөр халуурч, хоолой нь өвдсөн, ходоод гэдэс нь хямарсан хүүхэд их ирж байна. Бөөлжилж, суулгалт харьцангуй гайгүй болж байна.
-Архинд хордсон хүүхдүүд их ирж байгаа гэж сонслоо?
-Ер нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт өсвөр насны хүүхдүүд янз бүрийн байдлаар хордож ирэх тохиолдол нэлээд байдаг. Жишээ нь өсвөр насныхан дунд архины хордлого их байна. Архины ходлогод орсон хүүхдүүд ухаангүй, согтуу байдалтай манайд ирэх боллоо. Бас эцэг эхтэйгээ муудалцсанаас амиа хорлох зорилгоор их хэмжээний эм уусан тохиолдол гарсан.
-Тодруулаач?
-Өчигдөр л гэхэд 16 настай охин 100 гаран эм уугаад хүнд хордолтын байдалтай яаралтай түргэн тусламжийн тасагт эмчлүүлж байгаад хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн.Ээжтэйгээ муудалцсан гэсэн.
-Охины биеийн байдал хэр байна?
-Одоо хүүхдийн биеийн байдал маш хүнд байна.
-Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэх юу байна?
-Эцэг эхчүүд маань өсвөр насны хүүхдүүдтэйгээ нээлттэй, сайн харилцаатай байх хэрэгтэй байна. Хэнтэй, хаана, юу хийгээд яваад байгааг анхаарч байхгүй бол энэ мэт асуудал ихээр үүсэх болсон гэдгийг анхааруулж хэлмээр байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ