Х.Тэмүүжин "Маргаашийн наран" нэвтрүүлгийг хориглолоо

"Лантуун дохио" Төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан ШШГЕГ-тай хамтран "Маргаашийн наран" хэмээн хорих ангиас бэлтгэсэн нэвтрүүлгийг “ROYAL” HD телевизээр үзэгч түмэнд хүргэж байсан. Тус нэвтрүүлэг нь хорих ангийн үйл ажиллагааны онцлог, хорих байгууллагад ажиллаж буй албан хаагчдын ажил байдал, ял эдэлж буй хүмүүжигчдийг нийгэмшүүлж буй байдал, хорих ангиас суллагдсан иргэнийг нийгэмд гарахад нь бэлтгэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх зорилготой бөгөөд нийт 50 дугаарыг үзэгчиддээ хүргэнэ хэмээн зорьж байсан. Нийт 25 дугаараа үзэгч түмэндээ хүргээд байсан тус нэвтрүүлгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эфирээр гаргахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ тухай "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Маргаашийн наран нэвтрүүлэг эфирт гаргахыг хориглосон шийдвэрийг Тэмүжин сайд гаргасан юм байна. Салбарын сайд нь хориглосон бол ШШГЕГ-н эрх мэдлээс давсан асуудал гэсэн үг, яагаад гэдэг талаар тайлбар өгөөгүй. Уул нь анх ТГЕГ-н /хорих ангийн шууд удирдлага/ дарга Амарболд хурандаатай уулзахад Монголын шоронг ямар байгаа яг бодит байдлаар нь гаргавал сайн гэж хэлж байсан юм. Бид нэвтрүүлгээ үргэлжлүүлэн явуулах болно. Мэдээж үлдсэн зураг авалт хорих ангид явагдахгүй, нэг ёсондоо зурагт авалт ШШГЕГ-н хүрээнээс гадуур явагдах болно гэсэн үг. Манай таван оролцогчийн хоёр нь удахгүй магадлангаар суллагдах болно. Тэднийг ямар нийгэм хүлээж авч байна, хорих ангиас суллагдсан иргэн давтан гэмт хэрэг үйлдэхэд нийгмийн зүгээс ямар хүчин зүйл нөлөөлдөг талаар нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хийх болно. Учир нь энэ бол ШШГЕГ-н хамтран дэмжин оролцож байгаа нэвтрүүлэг болохоос ШШГЕГ-н захиалгат нэвтрүүлэг биш, тэднийг боль гэсний тоогоор эфирээ хаана гэж байхгүй, 50 биш юм аа гэхэд ядаж 30 цуврал болгон дуусгах болно. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг дээ .... " гэлээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ