Би гэрийнхэндээ мөнгө л болж харагддаг бололтой

Би 26 настай эмэгтэй гэрийнхэн маань Сэлэнгэд амьдардаг би хотод ганцаараа ажиллж амьдарч байна. Аравдугаар ангиа төгсөөд л хотод ирж ажил хийж сургалтын төлбөрөө өөрөө төлж биеэ дааж амьдарсан. Гэтэл сүүлийн үед надад бүх зүйл хэцүү санагдаж байна. Өмнөхөөсөө л хэцүү болоод байх юм.
Юм бүхнийг өөдрөгөөр харж хичээгээд байхад л улам хэцүү болоод байх шиг. Бусад хүүхдүүд шиг би гэрийнхэн рүүгээ яарч тэмүүлдэггүй ээ. Учир нь ээж хоёр дүү маант намайг мөнгө олдог л хүн гэж хардаг болохоос ямар нэг байдлаар дэмжиж хайрладаггүй юм шиг санагдсан. Мөнгө явуулаач, нүүрс түлээ дууслаа, ийм ч юм болохгүй байна гэдэг. Гэтэл чи яаж байна гэж асуудаггүй. Үнэндээ би яаж мөнгө олж байгаа нь ч хамаагүй юм шиг байна лээ.
Дандаа л ядуу байна хэцүү байна гэж ярьдаг. Надад түүнтэй ярьснаас яриагүй байсан нь хамаагүй дээр байдаг. Гэхдээ заримдаа тэднийг санаж бусад шиг гэр бүлийнхэндээ хайртай, тэд ч бас надад хайртай байгаасай гэж их хүсдэг, найддаг. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам тэдэнд миний хэрэг байхгүй зүгээр л би мөнгө болж харагддаг нь илүү мэдрэгдэх юм. Миний амьдралд сонирхолтой утга учиртай зүйл юу ч алга. Ийм байдалд орсон хүн яах ёстой юм бэ.
Сэтгэлзүйч:
Хайр халамж авч чаддаггүй гэр бүлийнхнээсээ болж багаасаа гэрээсээ явж, мэргэжил эзэмшиж, ажил хөдөлмөр хийж байна гэдэг тун ч том амжилт юм шүү. Гэрийнхнээсээ хайр халамж хүсэх нь хүн бүхний хүсдэг зүйл, гэхдээ зарим тохиолдолд тэднээс юу ч хүсч хүлээхгүй байсан нь дээр байдаг. Ийм тохиолдод та өөрийнхөө сайн сайхны төлөө явсан нь дээр, та нэгэнт тэднээс хараат бус, бие даасан байна гэдэг чинь том давуу тал. Хүссэн үедээ та гэрийнхээдээ тусал, харин аль болох хариу нэхэхгүй байхыг хичээ.
Утсаар яриж, банкаар мөнгө шилжүүлж байхаас гадна жилдээ нэг удаа ч юм уу гэрийнхээдээ очиж ээжийгээ халамжлах хэрэгтэй хожим сэтгэлээсээ хандаж байсан энэ бүхэн чинь танд харамсах зүйлгүй амьдарсан мэт санагдах болно.
Ганцаардаж гуних үе мэдээж олон тохиолддог байх. Одоо таны хамгийн их ухаан зарж хийх сонголт чинь сайн хань сонгох. Түрхэн зуурын сэтгэл уналтаас болж, түүнийгээ даван туулах гэж , ганцаардлаасаа салахын тулд буруу сонголт хийхээс болгоомжлоорой. Таны хувьд ирээдүйд бүтээх гэр бүлийнхээ хайрхаламжаас өнгөрсөн бүхнээ нөхөх боломж юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ