Бааварыг хилээр гарахыг хориглосон ч БНСУ-ыг зорьжээ

“Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар өнгөрсөн гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа шатаж, түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Тухайн үед ШШГЕГ-аас Бааварыг өөрийгөө шатаахыг завдсан гэх тайлбарыг өгч байв. Тодруулбал, “Баавар нь гаднаас гал гарах зүйл авч орсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа” гэх тайлбарыг хорих 461 дүгээр ангийн удирдлага өгч байсан юм. Харин үүнд Бааварын өмгөөлөгчид “Бааварын биед гал гаргах хэрэгсэл байна гэдэг боломжгүй. Хорих ангийн дотоод журамд энэ бүх зүйлийг хориглодог. Байлаа гэхэд хорихын хуягууд хурааж авсан л байж таараа. Хэрвээ хурааж аваагүй бол яагаад вэ. Ер нь тэгээд ч гар, хөлөндөө гав, дөнгөтэй хүн яаж өөрийгөө шатаах вэ” гэсэн хариултыг өгч байв.

Гэвч гар хөлөндөө гав, дөнгөтэй хүн өөрийгөө яаж шатаах вэ гэсэн асуултад ШШГЕГ-ынхан хариулт өгөх ёстой ч албан ёсоор тайлбар хийлгүй хэргийг намжааж байсан юм.

Харин эцэстээ уг галын асуудалд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн найман албан тушаалтанг хариуцлага алдсан хэмээн ажлаас нь халсан бол Бааварыг өөрийгөө шатаасан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, Баавар нь хорих ангид гал тавьсан нь нотлогдсон бөгөөд өөрөө ч хэргээ хүлээсэн гэдэг. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-т зааснаар хэрэг үүсгэж, прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хоригложээ. Гэвч хилээр гарахыг нь хориглоод байсан Баавар биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон байна. Тиймээс прокурорын байгууллагаас түүний хэргийг түр түдгэлзүүлж, ирэхээр нь хэргийг нь сэргээн шалгахаар болжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ