Хөнжил дотроо тамхи татаж болох уу

УИХ-ын гишүүн арван бүсгүй сонгогдсоныхоо дараахан парламентад эмэгтэйчүүдийн бүлэг байгуулан Л.Эрдэнэчимэгийн санаачлан боловсруулсан Тамхины тухай хуулийг лоббидон батлуулж, энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Гэвч амьдралаас тасархай, яарч сандран баталсан хуулийн хэрэгжилт биелэх боломж хомс байгаа нь илт болов. Ямар ч улсын их дэлгүүр бол тухайн орныхоо нүүр царай болдог.

Тэнд хар тамхи, мансууруулах бодисоос өөр зарж болдоггүй бараа бүтээгдэхүүн гэж бараг байдаггүй бол манайд тамхи огт худалдаалахгүй байгаа нь гадаадынхны нүдийг орой дээр нь гаргах болжээ. Түүгээр ч зогсохгүй тамхи татах цэг, хүүхэд саатуулах газар ч үгүйлэгдэж байна.

Мөн Тамхины тухай хуульд зааснаар төв суурин газарт сургууль, дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи зарж борлуулахыг тас хориглосон байгаа. Гэтэл ихэнх сумын төвийн албан газар, сургууль, цэцэрлэгүүд хагас километрийн радиуст байрладаг болохыгэрхэм хууль тогтоогчид маань анзаарсангүй.

Эрхэм гишүүн Г.Уянгын хэлснээр яагаад ч юм сургууль, сурагчдын дотуур байрнаас 500 метрийн зайд тамхи худалдаалж болохгүй гэсэн нь тамхины наймааг далд болгож, татвараас бултах сайхан боломж олгов.

Үүний нэгээхэн тод жишээ бол УИД-т зарж болдоггүй тамхийг нийслэлийн Сүхбаатар дүүрэгт “Үнэн” сонины газрын зүүн талд орших нэг жижигхэн ТҮЦ өдөр шөнөгүй борлуулж, сард сая саяын ашиг олж байна. Энд тамхи авахаар ирсэн худалдан авагчдын машинууд байнга бяцхан цуваа үүсгэсэн байдаг нь нууц биш.

Өөр нэг хачирхалтай зүйл бол дээрх хуульд тамхи татаж болох ганц ч газрыг заагаагүй. 00-ын өрөө, орон сууцны орц, гудамж талбай, нийтийн тээврийн унаа, олон нийтийн газар, баар ресторан гээд бүх газарт тамхи татах хориотой.

Энэ нь өнгөц харахад дам тамхидалтыг хязгаарлаж байгаа мэт боловч тамхичид тэрүүхэн хавьдаа ямар нэг барилгын булан тохойг сонгож, тамхины ишээр дүүргэж байгаа нь хаа сайгүй анзаарагдах болсон.

Хориотой газарт тамхи нууцаар татсан этгээдийг 50 мянган төгрөгөөр тогоно гэсэн заалт амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байна. Мөн нийгэмд хортой ажил үйлчилгээ явуулсныхаа хариуд донор болох, түүнээ зарлаж сурталчлах нь соёлт ертөнцөд зөвхөн татварын албанд л ил тод бүртгэлтэй байдаг аж.

Иймээс эрхтэн солиулах, цусаа өгөх зэрэг сайн санааны үйлсээр халхавчилж, тамхины бизнесийг өөгшүүлэх асуудлыг хуульд зохих хэм хэмжээтэй болгох нь чухал.

Ийм л цоорхойтой хуулийг оройлон батлуулсан эмэгтэй гишүүдийн маань хүчин зүтгэл нийгэмд талаар болж, эрхэм гишүүн О.Баасанхүү Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авч эхэлсэн нь даруй 52 гишүүний дэмжлэгийг нэгэнт хүлээсэн байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хүртэл ийм олон гишүүн зэрэг дэмжээгүй гэдэг. Хуулийн төсөлд 500 метрийн зайг 100 болгох гэх мэт зарчмын цөөн заалт орсныгЛ.Эрдэнэчимэг гишүүн эрс эсэргүүцэж, О.Баасанхүүг Тамхины тухай хуулийг нухчин дарахаар гишүүдийг лоббидон аргандаа оруулж явна гэсэн цуурхал тараажээ. Амьдралаас тасархай Тамхины тухай хууль “хэцүү ангийнхан”-ы дунд хэрүүлийн алим тарьж эхэллээ.

Ааяа доктор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ