Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаар санал солилцож байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Нийгмийн хөгжил-Эрэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр зохион байгуулагдах уг арга хэмжээг Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам болон Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Хөгжлийн төлөөх Монгол эрчүүд” зэрэг эрэгтэйчүүдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын хамтарсан ажлын хэсэг зохион байгуулж байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хангах, гэр бүлдболонхөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход дан ганц эмэгтэйчүүдийг чадавхжуулахын зэрэгцээ эрэгтэйчүүдийн хандлага, ойлголт, тэдэнд тулгарч буй зарим асуудлыг шийдсэнээр гэр бүлийн хөгжлийг дэмжсэн, хүний эрхэд суурилсан сайхан нийгмийг буй болгох боломж бүрдэнэ гэдэг санааг илэрхийлэхэд уг чуулганы зорилго оршиж байна.
Зорилгынхоо хүрээнд “Хөвгүүд, эрэгтэйчүүдийн бие бялдарын өсөлт, хөгжил, эрүүл мэнд”, “Жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад гэр бүл дэх эрэгтэйчүүдийн оролцоо, хандлага, зан үйл”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал”, “Эрэгтэйчүүдийн боловсрол, хөгжлийн асуудал” гэсэн сэдвүүдийн хүрээнд санал бодлоо ярилцан хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ