Цагдаа нар дүрэмт хувцсаа түр сольж пионер болов

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дүүргийнхээ нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаа иргэдийн хамтын ажиллагааг ойртуулах, алслагдсан хороодын иргэддээ цагдаагийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор олон талын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж дүүргийнхээ Засаг дарга, ИТХ-тай хамтран ажилласаар иржээ. Тус хэлтсээс Монгол Улсын засгийн газраас баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбрийн хүрээнд “Гэр бүл-Аюулгүй орчин”, “Гудамж талбай, айл өрх-аюулгүй орчин”, “Хүүхэд-аюулгүй орчин 1,2”, “Иргэн таны төлөө 1,2” зэрэг иргэдэд хандсан өдөрлөг уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллаж байна.

Эдгээр нэгдсэн төлөвлөгөөт ажлуудын томоохон хэсэг нь ЕБС-ийн сурагчдыг архи, тамхи, мансууруулах бодис PC тоглоомонд донтох хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан шинэлэг хэлбэрээр “Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор “Сургууль-Хүүхэд-Аюулгүй орчин” үзүүлэн тоглолт бэлтгэж Сүхбаатар дүүргийн зургаан сургуулийн 7000 гаруй хүүхдэд сонирхуулж байгаа юм.

Ээлжит үйл явдал өнөөдөр Улсын тэргүүний ерөнхий боловсролын 58 дугаар дунд сургууль дээр боллоо. Сургуулийн 6-11 дүгээр ангийн сурагчид танхим дүүрэн цугларч жүжигчилсэн тоглолт, үзүүлбэрийн хэсэг бүр дээринээж, айж, алгаа хорстол ташиж, төгсгөлд нь дагаж дуулж харагдсан.

Цагдаа нар дүрэмт хувцсаа түр сольж хуучин цагийг санагдуулам улаан бүч зүүж, пионер болсон. Мөн тэд архинд донтсон, мансууруулах бодис үнэрлэж буруу зуршилд автсан, компьютер тоглоомондоо автаж дэмийрч эхэлсэн донтон болж муу зуршлын талаар жүжигчилсэн тоглолт үзүүлэв. Төгсгөлд нь сурагчдад зориулан жагсаал хувцсаа өмсөн тэдний үеийн дууг гар гараасаа барин дуулж сонирхуулсан нь мэргэжлийн жүжигчидээс дутахааргүй харагдаж байлаа.

Цаашид дүүргийнхээ нутаг дэвсгэр дэхь их, дээд сургуулийг хамарч хүрээгээ өргөжүүлэх юм. Мөн насанд хүрээгүй хүүхдийн өдөр тутмын ихэнх цагт хамгийн ойр байдаг багш нараас нь мэдээлэл авч, сурагчдаас сургууль орчны талаар судалгаа авсны үндсэн дээр шаталсан арга хэмжээг авч байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ