Ямар ч үндэстэнд шивэр, хулмас, амны өмхий байдаг

Монгол хүн монгол хүн гээд л хоосон омогшоод, хоосон цээжээ дэлдээд, түүхэндээ ийм байсын тийм байсын гээд худлаа хий хоосон аархаад суудаг залуусыг би үнэлдэггүй. Түүх бол чиний бүтээл биш, өвөг дээдсийн бүтээл. Тэдний гавъяа бол бидний бүтээл биш, бид өөр цаг үед амьдарч байна.
Хоёр эрэгтэй найзтайгаа машинтай явж байтал хажуугаар машинтай хоёр хятад хүн явж байх нь тэр. Хятад хүн гэдэг нь харахад л илт байгаа юм л даа. Гэтэл манай хоёр найз идэж байсан өндөгнийхөө хальсыг нөгөө машин руу шидчихдэг байгаа. Нөгөө хальс нь цонхонд нь очоод наалдчихсан. “Муусайн даварсан хужаа нарыг ингэж байхад таарна” гээд их баярлан ярих хоёр найзыгаа нэлээд зэмлэсэн ч өөрсдийгөө зөвтгөсөөр байсан юм.
Ер нь манай Монголчууд үндэсний үзэл гэдгээ зөвөөр ойлгох хэрэгтэй. Та монгол хүн гэдгээрээ үнэхээр бахархдаг юм бол "Би 10 хужааг хэмх нүдэж чадна" гэж хий хоосон онгирч суухын оронд монгол хүний ид хавыг харуулсан ямар нэг зүйл хий. Үндэстний нэр хүнд, сэргэн мандал гэдэг бол 10 хужааг хэмх нүдэж биш, бодит ажил, бүтээл хийж байж, амжилт гаргаж байж олж авдаг зүйл.
Өнөөдөр бид амаараа бол хужаа солонгосуудыг байдаг муу үгээрээ доромжлоод л байгаа атлаа бодит байдал дээр тэдний хийж бүтээсэн бүхнийг баруун зүүнгүй хэрэглэж байна. Тэгж л их тэднийг үзэн яддаг юм бол хийсэн зүйлийг нь огт хэрэглэхээ больчих л доо чадах уу. Тэд хийж чадаад байна, хүнд хэрэгтэй зүйлийг үнэхээр хийж бүтээгээд байна.
Тэдний хөдөлмөрч занг хэд дахин илүү нугалаад өөрийн болгохыг бодохын оронд тэдний өмхий самхайг нь гайхаад л худлаа хоосон муулаад доромжлоод суух нь зүгээр л арчаагүй тэнэглэл мөн. Бодит байдал дээр ямар ч үндэстэнд шивэр, хулмас, амны өмхий байдаг. Хужаа гэхээрээ л халтар заваан байдаг юм биш. Монгол гэхээрээ л өндөг шиг байдаг юм биш. Эрүүл саруулаар сэтгэж сурах хэрэгтэй байна даа залуус аа.
Хятадад үйлдвэрлэсэн дотоож, оймс, цамц, өмд өмссөн залуу хятад бэлэн гоймон идэнгээ хятадуудыг ямар их үзэн яддаг, тэдэнд ямар их дургүйгээ тунхаглан суухыг хараад миний инээд хүрдэг. Хятадуудыг үзэх ядах сэтгэл цусанд минь байгаа гэчихээд хамгийн сайн найзыгаа хоолонд оруулахдаа хятад ресторанд дагуулж очдог хүнийг хараад миний инээд хүрдэг тэгээд дараа нь гунигладаг. Ийм арчаагүй байдлаасаа хэзээ салах юм болдоо.
Хятадуудаас дэлхийн улс орнууд айдаг, болгоомжилдог айж болгоомжилдог болохоороо ч дургүй байдаг. Гэхдээ тэд нар монголчууд шиг ингэж худлаа хий хоосон интернетээр тэднийг хараан зүхэж, дайрч давшилдаггүй, өдөржингөө юу ч хийхгүй хятадуудыг үзэн ядсан үгсийг facebook, twitter дээр бичин суудаггүй. Хүнд хэрэгтэй юм юу ч хийхгүй, ямар ч баялаг бүтээхгүй мөртлөө элдэв янзын эх оронч нэр зүүсэн Nazi бүлэг, хөдөлгөөнд нэгдэж, үсээ хусуулж, хядадуудыг ална тална гэж ханан дээр бичдэггүй.
Хятад дэлхийн хамгийн хурдацтай өсөж байгаа эдийн засагтай, дэлхий дээр амьдарч бүх хүний өмсөж эдлэж байгаа хувцас хэрэглэл, машин техник, сонсож байгаа ipod, mp3 тоглуулагчийг үйлдвэрлэдэг болохоор тэр. Бид монгол дээл гутал, авдар сав, ааруул ээзгий, бяслаг сүүгээ хүртэл гаднаас авах шахаж байна.
Монголын хувьд хятад гэх энэ их гүрэнтэй хиллэж оршдог нь нөхцөл байдлыг яах ч аргагүй онцгой болгож байна. Учир нь бид нарт тэдний түрэмгийлэл илүү хурдан, бас хүчтэйгээр мэдрэгддэг. Тэр ч утгаараа бид нар илүү хянуур, ухаалаг байж хий хоосон үзэн ядаж, хардаж, хараалаа барахын оронд өөрсдийгөө боловсруулж, тэднийг судалж, тэднээс суралцаж, улмаар тэднээс илүү гарахыг чармайх хэрэгтэй. Бид нар хятадуудаас дутахгүй. Ер нь хэнээс ч дутахгүй.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ