Үерийн шуудуунд машин унажээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногийн хугацаанд объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн дөрөв, аврах ажиллагааны нэг дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сэлбийн нэгдүгээр гудамжны тос борлуулах цэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 09:30 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 4х2,5 метрийн хэмжээтэй тос тосолгооны ТҮЦ-ийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Хан Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:00 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 10х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:58 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж, 10 сая төгрөгийн өмч хөрөнгийн гал түймрийн аюулаас авран хамгааллаа.

Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:25 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад иргэн Н-ийн дөрвөн ханатай гэрт зуухан дээр нь хүнсний тос шатаж өөрөө унтарсан байсан. Уг галд 45 настай эмэгтэйн зүүн гарын сарвууны хэсэг бага зэргийн түлэгдсэн байжээ.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд үерийн шуудуунд машин онхолдож хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 21:30 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад Ниссан санни загварын суудлын автомашин унаж жолооч 49 настай эрэгтэй хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ