Н.Чулуунбаатар: Охинд минь хүн алах сэтгэхүй байхгүй

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуул өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.
Тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. Ингээд Ч.Баттуулын аав Н.Чулуунбаатартай утсаар ярилцлаа.
-Анхан шатны шүүхээс охинд тань 23 жилийн хорих ял оноолоо. Шүүхийн шийдвэрийн талаар?
-Давж заалдах шатны шүүхэд хандахаас өөр аргагүй. Шүүх хурлын үеэр ноцтой сэжүүр зөндөө гарч ирсэн. Өмнөх шүүх хуралд ч гэсэн байцааж, нотлохоор баримт гарч ирж байсан. Гэвч шүүгч ямар даалгавартай байсан юм. Түүнийхээ дагуу нөгөө талд ажиллалаа. Их өнгөцхөн, хөнгөн, хуймгаа ажилласан.
-Шүүхийн шийдвэр гарсны дараа охинтойгоо уулзсан байх?
-Шүүгчид тогтоол уншаад гарсан чинь л охин маань уйлаад л суусан. Би ч охиноо битгий уйл гэж тайвшруулж, машинд нь арай хийж суулгасан.
-Охин тань хэргийн талаар танд юу гэж хэлдэг вэ?
-Би охиндоо “Чи үнэнээ л хэл” гэж хэлдэг. “Зөв ч бай, буруу ч бай үнэнээ л хэл. Үнэнээ хэлсэн цагт л хэрэг нааштай шийдэгдэнэ” гэдэг. Харин охин “Би үнэхээр хөнөөгөөгүй” гэж хариулдаг. Охиныг минь дарамталж, хэрэг тулгаж, үүрүүлсэн. “Намайг байнга дарамталж, манай гэр бүлийнхэн ийм хүмүүс, чамайг дор нь будаа болгоно, амь чинь бидний гарт байна” гэж дарамталдаг тухай ярьж байсан. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид нөгөө талын хүмүүсийн төлөөлөгчид хүртэл ирж байсан гэсэн. Тэгээд камерт бичүүлэхгүйгээр охинтой минь уулзсан байдаг. Уулзахын хажуугаар тариа хийнэ, хоолонд нь хор хийнэ гэж охиныг минь айлгаж байсан байгаа юм. Тиймээс би тус ангийн дэд дарга, хошууч Н.Бат-Эрдэнэтэй уулзаж, нөхцөл байдлыг хэлж, байнга камерийн бичлэг дор байлгахыг хүссэн. Хэдний өдөр, хэдэн цагт хэн гэдэг хүн уулзсаныг хүртэл бүртгэж өгөхийг хүсч байсан. Энэхүү уулзалтууд камерийн бичлэгт орсон байсан. Харин далд үйлдэгдсэн юм нь ороогүй. Иймэрхүү зүйл явсаар байгаад л эцэстээ миний охин гүжирдэгдэж, жинхэнэ айхтар хүмүүсийн өмнөөс хэрэгт хүлээсэн.
-Хохирогч гээд байгаа АНУ-ын иргэний ар гэрийнхэнтэй холбогдож байв уу?
-Хохирогч гээд байгаа хүмүүст хандаж, “Танай хүү чинь хар тамхины наймаачин байсан. Түүгээр зогсохгүй өөрийнхөө амийг алдаад, миний охиныг аюулд унагалаа” гэх бичиг өгч байсан. Даанч хүлээж аваагүй. Тэр Жон Мартин Кийн гэгч Тайван эхнэртэй, Солонгос эхнэртэй. Монголд мөн эхнэр авахаар охиныг минь хөөцөлдөж, дагаж ирсэн байгаа юм.
-Охин тань Жон Мартин Кийнийг яаж таньдаг юм бэ?
-Миний охин Тайваны их сургуульд сурч байсан. Тэр үед Жон Мартин Кийн цагийн гэрээт багш нь байсан гэсэн. Тайваны их сургуульд англи хэлтэй хүн ховор юм шиг байна лээ. Тэгээд миний охин хэлний гэрээт багшаар авч, хичээл заалгаж байхдаа арга, эрхшээлд нь орчихсон юм билээ.
-Танд энэ хүнийг Монголд ирнэ гэж ярьж байсан уу?
-Миний охин 2010 оны наймдугаар сар Тайвань руу сурахаар яваад 2011 оны долдугаар сард ирсэн. Тэгээд аравдугаар сарын дундуур надад “Манай багш гээд АНУ-ын иргэн Монголд ирье гэнээ. Авгай хүүхэдтэй хүн байдаг юм” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би “Ирвэл зун ирсэн нь дээр байх. Өвөл ирээд яахав” гэж хэлж байсан. Тэр нөхөр л байж дээ. Охиныг ирэхэд бид Дарханд амьдардаг учраас охин Дарханы ШУТИС-д сурч байсан. Тэгээд хичээлээ сунгаж, диплом удирдах багш энтрээ сонгоод захирлын тушаалд оччихсон байсан юм. Удалгүй надад “Би орчуулга, хэлмэрч хийж хэдэн төгрөг олно” гээд хот явсан. Арваннэгдүгээр сарын сүүлээр бас ирээд “Охиндоо битгий санаа зовоорой. Охин нь дипломоо хамгаална аа” гээд л явж байсан. Тэгээд л он гараад энэ хэрэг мандаад ирсэн. Айхтар юмнаас охиноо хамгаалж чадсангүй дээ.
-Охин тань ШУТИС-ын солилцоогоор Тайвань явсан уу?
-Охиныг аравдугаар анги төгсөхөд манайх хотод байсан. Тэгээд удалгүй Дарханд ирсэн. Тэр үед охин минь “Би сувилалд ажилладаг хүн болдог юм билүү, цөөхөн жилээр төгсчихнө тэгээд төгсөж ирээд тантай ойролцоо ажиллана” гэж ярьдаг байсан. Тэгээд Сувилахуйн дээд сургуулийн сувилах, асрах, эмзүйчийн ангид орсон юм. Дараа нь Канад руу явах уу гэж надтай нэг ярьж үзээд, ер нь миний ойролцоо ажиллана гэж байсан. Надад санаа зовоод л миний хажууд ирнэ гээд байсан. Тэгэхээр нь ШУТИС-д оруулсан. Удалгүй оюутан солилцооны шугамаар Тайваны технологийн сургуульд нэг жил сурахаар явсан юм.
-Охиныг тань их сурлага сайтай хүүхэд байсан гэдэг?
-Миний охин аравдугаар ангиа алтан медальтай төгссөн. Манайх хөдөө хэдэн малтай байхад сүү сааж, малын ажилд тусладаг. Ах нартайгаа хамт өссөн. Их ажилсаг, шударга, буруу зүйлтэй эвлэрэхгүй, өрөвчхөн. Малд их хайртай. Хүн алж, буу барих нь битгий хэл хүн рүү муухай харж чадахааргүй л хүмүүжүүлсэн. Хүн алах сэтгэхүй ч байхгүй. Хүнээс айгаад, хүний эрхэнд орчихлоо.
-Тэгэхээр амиа алдсан гэх Жон Мартин Кийн эрхэндээ оруулсан гэсэн үг үү?
-Энэ хэргийн цаана нэлээн том, мөнгө ихтэй олигарх, эрх мэдэлтэй том дарга нарын хүүхдүүд байгаа юм.
-Та нэрлэж чадах уу?
-Налайхад нүүрсний амтай байж байгаад Заамарт алтны уурхайтай болсон Жаргалан гэж рецедив гэмт хэрэгтэй нөхөр байгаа. Мөрдөн байцаалтын явцад Жаргалан өөрийгөө гэртээ байсан гэж мэдүүлсэн бол эхнэр нь Дарханаас ирж байсан гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Тэр нөхөр л охиныг минь газарчилж авч явсан гэсэн. Мөн Багануураас хэсэг хүмүүс утсаар ярьж байгаад уулзсан байх. Тэгээд л тэд Төв аймгийн Цонжинболдог явсан юм шиг байна лээ. Шөнө дунд болж байсан гэсэн. Гэтэл охинд минь тариа хийсэн юм уу, архи уулгасан юм уу, ухаан мэдрэлгүй болгосон байгаа юм.
-Цонжинболдог руу яах гэж явсан юм бол?
-Нөгөө Жон Мартин Кийн л авчирсан хар тамхиа зарах гэж явсан байх. Тэгээд очоод үнэ тохиролцож чадаагүй амиа алдсан юм шиг байна лээ. Яг тэр үед охиныг минь ухаан алдуулсан байсан болохоор охин санадаггүй гэсэн. Сэрсэн чинь л Жон Мартин Кийний амь насыг хөнөөчихсөн, хэргийг чи хүлээ гэсэн гэдэг.
Хэрвээ хүлээхгүй бол чамайг энд хөнөөнө гэж хэлсэн гэсэн. Мөн урьд нь нэг эмэгтэйг яаж машинаар дайрч хөнөөж, жалга руу шидлээ. Ялгүй өнгөрснийг чи мэднэ шүү дээ гэж айлгасан байгаа юм. Уг нь анхнаасаа яаж ийгээд цагдаад мэдээлээд өөрөө цагдаагийн хамгаалалтад орсон бол энэ хэрэг үнэн зөв илрэх байсан биз.
Гэвч охины маань хууль зүйн мэдлэг дутаж, ингэх ч боломж гараагүй юм шиг байгаа юм. Тэгээд л ийм айхтар хэрэгт уначихлаа. Хоёр жил шар махтайгаа хатлаа, хүний нүүр царай ч харж чадахгүй, ажил төрлөө ч олигтой хийж чадахгүй. Шаналсан хүмүүс л байна.
-Энэ Жаргалан гэгч хүнийг шалгасан болов уу?
-Шалгасан. Тэгэхдээ чи тэнд байсан уу гэж л асуусан байгаа юм. Мөн хамаатан саднаас нь Жаргалангийн хаана байсан тухай асуусан байдаг. Мэдээж хамаатнууд нь хамгаалсан мэдүүлэг л өгнө шүү дээ. Бууны хувьд ч гэсэн гар буугаар үйлдэгдсэн гэдэг. Гэтэл ангийн буугаар шүрссэн гэж хавтаст хэрэгт бичсэн гэсэн. Үнэндээ ганцхан сум гарсан гэсэн. Бүх хэргийг миний охинд тулгасан. Бууг хайж, тэнд байсан хүмүүсийг баривчилж шалгаж байсан юм. Гэтэл баривчлаагүй, том албан тушаалтнууд, хамсаатнууд, цагдаагийн ажилтнууд ийм холион бантан хутгаж хаялаа.
-Тэгэхээр та хуулийнхныг буруутгаж байна уу?
-АНУ гэх нэрнээс болдог юм уу мэдэхгүй. Хэрэгт мөрдөн байцаалт явуулсан Идэрцог, хяналт тавьсан Б.Эрхэмбаяр нар нэг талыг барьж ажилласан. Өөрсдөө болохоор нарийн ажиллаж, учир зангилааг нь тайлсан мэт ярих юм.
-Энэ асуудлаар шат шатны байгууллагад хандаж байв уу?
-Улсын Ерөнхий прокурорт Д.Дорлигжавт захидал хүргүүлж байсан. Хариу нь аравдугаар сарын эхээр гарсан л даа. Гэхдээ Д.Дорлигжав яг өөрөө хариулт өгсөн үү гэдэг эргэлзээтэй. Миний бодлоор доод шатнаас нь л хариулчихсан юм шиг санагдсан.
-Ямар хариу өгсөн юм бэ?
-Нийслэлийн прокурорт үүрэг өгч байгаа гэсэн хариу өгсөн. Нийслэлийн прокурор нь үл тоосон, бараг уншаагүй байх. Уг нь Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор гэдэг албан тушаалыг нь хүндэлж л өгсөн юм. Ер нь хуулийнхан авилга хараад сууж байдаг юм байна. Ерөөсөө ашиг, авилга. Хүний хэр хэмжээ амьдралын боломжид тааруулж харьцдаг болохоос биш үнэн мөнийг олох, шударга зүйл алга. Хуулийнхныг том дарга нар, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд эрхэндээ оруулаад дураараа турхирдаг асуудал байсаар байна. Тэгээд шат шатандаа үүрэгдэж, асуудлыг шуурхай шийддэгийг мэдэрлээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ