Н.Мандах: Н.Номтойбаярыг хэлмэгдүүлэн шалгасан

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэргийг прокурорын байгууллагаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад буй. Ингээд түүний хэрэгтэй холбоотой асуудлаар өмгөөлөгч Н.Мандахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Н.Номтойбаяр гишүүнд холбогдох хэргийг ямар үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаав?

-Прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хуулийн дагуу хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна. Бидний зүгээс ч гэсэн хавтаст хэрэгтэй танилцаад мөрдөн байцаах ажиллагаа хуулийн дагуу тэнцвэртэй биш, шударга зарчимд үл нийцүүлэн явуулсан гэж үзсэн.

-Н.Номтойбаяр гишүүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх юм?

-Тийм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн нь хэт нэг талыг барьж, хэлмэгдүүлэн шалгасан хэмээн гомдол гаргасан.

-Яг ямар үндэслэлээр хэлмэгдүүлсэн гэж үзэж байна вэ?

-Яллагдагчаар татагдаад буй Г.Нямдоржоос хурааж авсан хутгыг өөрөө ч миний гарт байсан хутга гэдгээ хүлээн зөвшөөрсөн байтал мөрдөн байцаагчид Н.Номтойбаярын гарт байсан мэт үзэж, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол үйлдэж, дээд байгууллагадаа танилцуулсан. Мөн шүүх эмнэлэгт хүргүүлж, шинжээч эмчийг байцааж, прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн зэрэг ноцтой алдаа гаргасан. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэмт хэрэг хийсэн мэт харагдуулсан.

-Яллагдагчаар татсан тогтоолыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр урьдчилан олж авсан байдаг. Гишүүнийхээ эрхийн хүрээнд олж авав уу?

-Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн хувьд хэргийн материалтай танилцах эрхийнхээ дагуу тус алдаатай тогтоолыг олж авсан. Түүнээс биш УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд олж аваагүй. Тийм эрх УИХ-ын гишүүн байтугай УИХ-ын даргад ч байхгүй.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ