ГССҮТ-д хугацаа нь дууссан аппарат зөндөө байна


МХЕГ-аас хийсэн шалгалтын явцад ГССҮТ-өөс илэрсэн зөрчлийн талаар болон зөрчлийг хэрхэн арилгаж байгаа талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
МХЕГ-ын Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Отгонцэцэг:
-ГССҮТ-өөс зөрчил илэрсэн зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийх” нэгдсэн зөвлөмж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Хамтран хяналт шалгалт хийх тухай” 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5/323 тоот албан бичиг, Эрүүл мэндийн яамны “Эмийн санд хийсэн хяналт үнэлгээний тайлан”-г үндэслэн аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, худалдаалах, үйлдвэрлэх байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Энэ шалгалтаар ГССҮТ-д хэд хэдэн зөрчил илэрснийг арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.
-Тодруулбал ямар зөрчлүүд илэрсэн бэ?
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын тасагт хадгалагдаж, эмчилгээнд хэрэглэгдэж буй нуруу, дунд чөмөгний, шууны зэрэг имплантын хаяглалтад үйлдвэрлэгч, цуврал, хүчинтэй хугацаа тодорхойгүй байсан. Мөн эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг эмийн сангаар дамжуулан хийдэггүй, тэдгээрийн хадгалалт, зарцуулалтанд тавих хяналт сул байсан.
-Хагалгаа хийх имплант эмчийн мэдэлд байдаг, түүнийг нь иргэд худалдаж авдаг байсан гэж үнэн үү?
-Эмч үе солих мэс заслыг хийхдээ рентгэн зургаас таарах размерийг тодорхойлж, хэрэглэх имплантыг сонгуулдаг ба мэс заслын явцад /өвдөг, түнхний үе гэхэд 39-60мм хэмжээтэй/ нарийн хэмжиж, яг таарах размертэй имплантийг суулгадаг тул эдгээр имплантуудыг размер бүрээс эмнэлгийн мэс заслын хэсэгт эмчийн мэдэлд хадгалж байна. Харин иргэд сонгосон имплантийнхаа төлбөрийг ханган нийлүүлэгчид төлж байгаа нь нөгөө талаас ханган нийлүүлэгч иргэдэд эмнэлгийн хэрэгсэл худалдаалж байгаа хэрэг юм.
-Гадны байгууллага, эмнэлгээс ирсэн тусламжийн эм хэрэгслийг бүртгэлжүүлэхгүйгээр ашиглаж байсан юм уу?
-Гэмтэл согог судлалын үндэсний төв 2009 оноос өнөөг хүртэл Өвсний үндэс хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Глобал сан, БНСУ-ын Хьюнде нэгдсэн эмнэлэг, пүүс компани, хувь хүмүүсээс 228.2 сая төгрөгийн тусламжийн бараа хүлээн авсан боловч санхүү бүртгэлд тусгаагүй, БНСУ-ын Хьюнде нэгдсэн эмнэлгийн хооронд хамтран ажиллах гэрээний дагуу тус төв “тусламж” нэрээр хиймэл үеийг импортлох лиценз авч, улсын хилээр оруулсан боловч Солонгос эмч нар уг төвд ирж үйлчлүүлэгчдэд мэс засал хийхдээ төлбөрийг бэлнээр авч байсан. Үүнд нь эмнэлгийн удирдлагын зүгээс хяналт тавьдаггүй зэргээр тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг эргэлтийн хөрөнгөд бүртгэн авч, ашиглалтанд хяналт тавьж ажиллаагүй байсан.
ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Нарантуяа:
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас танай эмнэлэгт шалгалт хийгээд хэд хэдэн зөрчил илрүүлсэн байсан. Танай эмнэлэг зөрчлөө арилгах тал дээр ажиллаж байна уу?
-Манайд өнгөрсөн наймдугаар сард МХЕГ-аас шалгалт хийсэн. Ингээд илрүүлсэн зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага манайд өгсөн. Бид зөрчлөө арилгахын төлөө ажиллаж л байна.
-Хэдий хэр хугацаатай шаардлага өгсөн юм бэ?
-12 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд зөрчлөө арилга гэсэн. Бид засагдах боломжтойг нь засна. Боломжгүй зүйл бас байж болно.
-Үйлчлүүлэгчдээс төлбөрийг бэлнээр авдаг байсан зөрчил илэрсэн байсан. Одоо энэ зөрчлөө арилгасан уу?
-Энэ асуудлын та бүхэн зөвөөр ойлгоорой. Энэ эмнэлэг мэс заслын эмнэлэг. Дийлэнх хагалгаа нь имплант гээд хиймэл суулгац суулгаж хийдэг хагалгаанууд байдаг. Ялтас, хадаас, түгжээ гэх мэт. Гэтэл улсаас зарласан тендерийн дагуу манайд нийлүүлж байгаа имплантийн хангамж бага, хүрэлцэхгүй, өвчтөнүүдийн 30 хувьд нь л хүрэлцэж байна. Үлдсэн 70 хувийг нь яаж эмчлэх болж байна. Имплант байхгүй, хагалгаа хийхгүй гээд сууж чадахгүй болохоор манай эмч нар гадуур байгаа эм ханган нийлүүлэх газруудаас өөрсдөө имплантаа худалдаад аваад ир. Тэгвэл хагалгаанд нь оруулъя гэдэг санал тавьдаг. Ингээд өвчтөнүүд хагалгаанд орохын тулд имплантаа өөрсдөө худалдаж авч байгааг ташаа ойлгоод байх шиг байгаа юм. Манай эмч нар хувьдааимплант зараад, ашиг олоод байгаа зүйл байхгүй.
-Тусламж нэрийн дор орж ирсэн бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлэхгүйгээр үйлчлүүлэгчдэд зарж байсан гэх зөрчил бас илэрсэн?
-Тийм ээ. Солонгосоос орж ирсэн тусламжийн бүтээгдэхүүнийг манай эмнэлэг эмийн сандаа бүртгэж аваагүй, шууд өвчтөнүүддээ тавиад эхэлчихсэн зөрчил байсныг таслан зогсоо гэсэн. Одоо бид эмийн сангаар дамждаггүй байсан бүх эмээ эмийн сангаар дамжуулдаг болгоно. Ирэх жилээс гаднаас ирсэн тусламж дэмжлэгийн эм тариа бүгд эмийн сангаар дамждаг болно.
-Хадаас, ялтас гэх мэт хүнд хэрэглэчихсэн имплантыг дахин ашигладаг гэсэн яриа байгаа. Энэ үнэн үү?
-Урд нь ганц, хоёр тохиолдолд тэгж ашиглаж байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Хүний биед хадчихсан хадаас, ялтсыг тийм хурдан авахгүй шүү дээ. Дор хаяад хоёр сар болно. Хүний биед тийм удаан байсан зүйлийг өөр хүнд тавьж болохгүй л дээ. Өнгөрсөн сард имплантын асуудал нэлээд яригдсан. Имплант нийлүүлдэг компанийн үйл ажиллагааг МХЕГ-аас зогсоосон нь манайүйл ажиллагаанд нөлөөлөөд имплантаа цаг хугацаанд нь нийлүүлж чадаагүй бараг гурван сар болсон. Ингээд албан шаардлага хүргүүлж байгаад өнгөрсөн сараас имплантаа авч эхэлсэн.
-Танайх техник хэрэгсэл, материаллаг зүйлээр их дутмаг юм аа даа?
-Улсын эмнэлэг. Бүх зүйлийг нь улсаас хангаж өгч чадахгүй байна. Боломжтой үед гадны ганц нэг байгууллага тусламж үзүүлдэг. Яг үнэндээ өнөөдөр манай тоног төхөөрөмж хүнд байдалтай байна. Дээд тал нь арван жил ажиллачихсан, доод тал нь таван жил ажиллачихсан байх жишээтэй. Үүнийг бид шинэчлэх шаардлагатай. Ашиглалтын хугацаа дуусчихсан, дуусах гэж байгаа аппаратууд байна. Засч янзлаад дахин ашиглаж байгаа нь ч зөндөө. Бага багаар солих бодол байна. Ирэх оны төсөв хэр байхаас шалтгаална даа.
-Танай эмнэлэг дээр саяхан өрнөсөн үл ойлголцлын дунд хэдэн эмч ажлаасаа халагдсан. Тэд хүмүүс буцаад ажилдаа орох хүсэлт тавьж байгаа юу?
-Тэр хүмүүсийг ажлаас халаагүй. Харин ажлаас чөлөөлөгдье гэсэн хүсэлтийнх нь дагуу чөлөөлсөн. Хална, чөлөөлнө гэдэг чинь хоёр өөр асуудал. Буцааж ажилд нь авах эсэх нь миний шийдэх асуудал биш шүү дээ.
-Өвөлд илүү ачаалалтай болдог байх даа?
-Сүүлийн хэдэн долоо хоног аваар осол нэлээд их гарч байна. Өнөөдөр л гэхэд хоёр бригад алсын дуудлагад явлаа. Орон нутагт ихээр осол гэмтэл гарч байна. Өнөөдөр манай хүлээн авах, яаралтай түрэн тусламжийн тасагт өдөрт 250-300 хүн ирж анхны тусламж авч байна.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ