Алийн болгон төр засаг гэхэв...


Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар сэрүүсч, аргагүй л өвлийн улирал ирснийг санагдуулж байна. Цаашид ч ийм байна гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийнурьдчилсан байдлын мэдээллээр гарчээ. Энэ цаг үетэй давхцаад нийслэлийнхэнд тулгамддаг асуудлын нэг бол яах аргагүй утаа. Өнөө өглөө ажилдаа явах гээд гэрээсээ гартал гэр хорооллын айлуудын яндангаас олгойддог утаа уугиж байна. Гадаа жаахан сэрүүсч, галдаа түлш нэмсэн айлуудын буруу гэж юу байх вэ. Ам хатан, хоолой сэрвэгнүүлэх өтгөн утаа үүнээс хойш улам л нэмэгдэнэ.
"Өвчингүй бол жаргал, өргүй бол баян" гэдэг зүйр үгийг "Өвчингүй л байвал өртэй байсан ч жаргал" гэдэг үгээр солиод Монгол Улсын №1 гамшиг бол хотын хорт утаа гэдгийг дэлхий дахинаа зарлах хэрэгтэй болж. Ингээд ямар ч үнээр хамаагүй хорт утааг эхлээд арилгамаар байна. Төрийн түшээд олуулаа цалгардаад байвал орон тоогоо цөөлцгөө. Хэмнэсэн, авлигад аваагүй мөнгөө ард түмний дунд байгаа хүнд өвчтэй хүмүүст өгцгөө.
Сүүлийн арван жилд хорт утаанаас болж нас нь богиноссон, хүнд өвчнөөр нас барсан, дутуу, эрэмдэг төрсөн, төрөл бүрийн суурь өвчтэй төрсөн хүүхдүүд, зулбасан ээжүүд, иргэдэд Засгийн газар нөхөн төлбөр яагаад өгч болохгүй гэж. Төрөлхийн тархины эвэрхийтэй, хоёрхон настай охин эмчилгээ хийлгэх мөнгөгүй, 250 сая төгрөг хайгаад ард түмнээсээ тусламж хүсээд байж байна. Өдөр бүр телевиз, сонин хэвлэлээр эмчлэх аргагүй болсон, хэзээ ч дуулдаж байгаагүй хүнд өвчинд нэрвэгдсэн, хортой хоргүй хавдартай хоног тоолон хүлээж буй хүний тухай мэдээлж хандив мөнгө гуйна. Аргаа барахдаа л энэ биз.
Бяцхан үрс маань хэвлийдээ байхдаа л утаанд биеэ ногоон өнгөтэй болтол хордож байна гэнэ. Энэ талаар"Ногоон туяатай биетэй хүүхэд төрж байгаа нь архаг бүтэлттэй төрж байгаагаас болж буй хэрэг. Яагаад гэхээр утаанд хордож бүтсэн хүүхдийн зунгаг шахагдаад гарчихдаг. Зунгаг нь шахагдсан хүүхэд хэвлийдээ удахаар ногоон өнгөтэй болчихдог юм. Хэрвээ бүтэлттэй хүүхдийн эрүүл мэндийн байдал хүндэрвэл тархины эмгэгшилтэй болдог. Мөн утаанаас болж эндэх тохиолдол их байдаг” гэж мэргэжлийн эмч нь ярьж байна билээ.
Манайд ар, өврийн хаалга, албан тушаал үл хамаарч, яс үндэс, эр эм, хөгшин залуу, ажилтай ажилгүй, баян ядуу ялгаагүй бүгд хэрэгцээнийхээ хэрээр хортой, хоргүй агаарыг хаана амьдарч байна тэндээсээ адилхан тэгш хүртэж буй. “Манай охин одоо 2 настай. Гэтэл сүүлийн үед гэнэт доошоогоо цус алддаг болчихсон. Хөх нь бас хатуураад булчин шиг сонин зүйл ургачихсан. Эмч нар одоо болтол оношийг нь тогтоож чадахгүй байна. Эхнэр маань жирэмсэн байхдаа маш их гам барьж байж гаргасан хүүхэд. Зүв зүгээр төрсөн хэрнээ ийм болчихсон болохоор гайхаад л байна. Манайх гэр хороололд амьдардаг. Өглөө оройдоо маш их утаатай. Би хувьдаа энэ айхтар утаанаас л болоод байгаа юм болов уу гэж бодоод байгаа” гэж ярих залуутай Эх нялхасын үүдэнд таарсан юм.
Улаанбаатарын утааны эсрэг нийслэлчүүд бид яг үүн шиг тэмцэх цаг нь нэгэнт ирээд байна. Аймаг сум, хөдөө орон нутгаас шилжин ирсэн нэгнийгээ утаа нэмэрлэгсэд гэж ад үзэхийн оронд айл саахалт хавь ойрынхноороо нийлж байгаад утаагүй зуухаа, үртсэн түлштэйгээ түлээд энэ өвлийг давчихбал ер нь яасан юм бэ. Алийн болгон бид чинь нүүрс, покрышка түлж, хорт утаандаа угаартаж хүн амынхаа удмын санд эсрэгээр нөлөөлөх билээ дээ. Алийн болгон төр засаг гэхэв. Угаасаа утаагүй Улаанбаатар болготол “мянган жил” болох биз. Бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр болно. Утааны эсрэг хаа хаанаа хичээгээд энэ өвөл нэг ухамсартайгаар тэмцье гээд уриалчихъя.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ