МҮОНТ-ийн захирлыг сонгон шалгаруулалтаар тодруулна

МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар энэ сарын 22-нд тушаал гаргаж, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч Ч.Даваабаяр түүний гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, тус телевизийн Үндэсний зөвлөлд гомдол гаргаад байгаа юм. Мөн шүүхэд хандахаа мэдэгдээд буй. Тодруулбал, тэрээр “Энэ эрхэлж байгаа албан тушаал хүн халах, ажилд авах эрхгүй. Зүгээр дамжин өнгөрөх төдий албан тушаал юм. Би энэ суудалдаа үлдэх гээд зууралдаад байгаа юм биш. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж, зөрчигдсөн эрх, нэр хүндээ сэргээлгэх ёстой гэж үзэж байна” гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү Ч.Даваабаяр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түүний оронд хэн МҮОНТ-ийг удирдах вэ гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна. Үндэсний зөвлөл МҮОНТ-ийн захирлыг томилдог бол үндэсний телевизийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн МҮОНРТ-ийн захирал томилдог юм. Ингэхдээ үндэсний зөвлөлдөө зөвхөн танилцуулахаас биш зөвшилцдөггүй аж. Тиймээс МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаярын шүүхэд гаргасан гомдол болон шүүхийн шийдвэрийн хариуг хүлээлгүйгээр сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах гэнэ. Ингээд шалгаруулалтын дүнг нь харгалзан үзээд МҮОНТ-ийн шинэ захирлыг томилохоор болжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ