О.Лхагвадорж: Ц.Мөнхбаярыг хаана хоригдож байгаа ч мэдэхгүй байна

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг саатуулан шалгаж байгаа. Тэднийг өнгөрсөн есдүгээр сард Төрийн ордон руу буудсан хэмээн саатуулсан юм. Түүнчлэн хорих хугацааг өнөөдрийг хүртэл сунгаад байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Уянга батлан даалтад авах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Ингээд “Гал үндэстэн” холбооны жигүүр “Тусгаар Монголынхоо төлөө нэгдэгсэд” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн О.Лхагвадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ц.Мөнхбаяр нарын хорих хугацааг сунгасаар байна. Үүнийг та бүхэн хэрхэн харж байна вэ?

-Уг нь гадуур байцаах бүрэн боломжтой. Тэд ямар зугтаад алга болох биш. Гэтэл батлан даалтад гаргахгүй, хорих хугацааг сунгасаар байна. Ямар нэгэн зүйл луйвардсан, гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй шүү дээ.

-Тэднийг Уул уурхайн компаниудаас мөнгө нэхэж авсан гэдэг. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Энэ бол үнэхээр үнэнд нийцэхгүй. Тухайн компаниудын эзэд өөрсдөө өгчихөөд дараа нь сүрдүүлсэн гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа явуулахад туслаач гэж мөнгө төгрөг өгчихөөд сүүлд нь “Гал үндэстэн”-ий эсрэг зүйл ярьж байна. Гэхдээ ард иргэд, шударга хүмүүс “Гал үндэстэн” холбоог эх орныхоо төлөө тууштай тэмцэж байгааг нь мэдэж байгаа байх.

-Хоригдож байгаа хүмүүстээ холбоотой байгаа юу. Биеийн байдал нь ямар байна?

-Г.Болдбаатар, Н.Төмөрбаатар нарын бие нэлээн муудсан гэж сонссон. Бид өөрсдөө уулзах боломжгүй байгаа учраас хүмүүсээс л сонсох юм.

-Дахин батлан даалтад гаргах хүсэлт гаргасан уу. Ер нь цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-“Гал үндэстэн” холбоог дэмждэг, хийж буй ажлыг нь зөв зүйтэй гэж үзэж байгаа ард иргэд, хөдөлгөөнүүд нийлж, шударга бус зүйл гэдгийг нь хэлж ярьж, хандаж байгаа. Цаашдаа хүчээр ямар нэг зүйлийг хийх боломж бололцоо байхгүй. Хуулийн дагуу л бүгдийг хийнэ.

-Төрийн ордон руу буудсан хэрэгт цэргийн ангийнхныг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан?

-Тэр чухам ямар хүмүүс байгааг бид мэдэхгүй байна.

-Өөрсдөд нь үүсгээд буй зандалчлах гэсэн зүйл ангийг эсэргүүцэж байсан. Энэ юу болсон бэ?

-Үүнийг сайн мэдэхгүй. Учир нь гэр бүлийнхэн нь ч уулзахад хэцүү байдалтай байна. Одоо “Зүүнхараа”-гийн хорих ангид байна уу, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид байна уу. Сайн мэдэхгүй байна. Эх оронч, зөв сэтгэлтэй хүмүүсийгямар нэг байдлаар дарах, энэ зүйлээр шалтаглаж, эх орноо гэсэн иргэний байгууллагуудын нэр сүрийг гутаах үйл ажиллагааг төр засаг, эрх баригчид, тэдний гар хөл болсон хуулийнхан явуулж байна гэж бидний хувьд үзэж байгаа. Ц.Мөнхбаярыг олон нийтийг хамруулсан аюултай үйл ажиллагаа явуулах хүн мөн үү, биш үү гэдгийг мэдэх хүмүүс ньмэднэ. Тухайн үед цагдаа, хамгаалалтынхан бариад авахад ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй баригдаад явсан шүү дээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ