Яндангийн цонолтоос болж гар гарч байгааг анхаарууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногийн хугацаанд объектын гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн таван дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Объектын гал түймрийн тухайд сүүлийн үед ирж байгаа нийт дуудлагын дийлэнхийг гэр хорооллын айлуудын яндан зуухны галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас яндангийн цонолтоос болж дээвэр, дээврийн хэсэг шатсан гал түймрийн дуудлага эзэлж байна. Ийм учраас иргэд гэр, сууцныхаа галын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын нэгдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:45 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг яндангийн цонолтоос шатаж байсныг унтраасан байна.

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, Баруун Баян-Уулын долдугаар гудамжинд Гандан хийдийн цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг иргэн Б 12:07 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х9 метрийн хэмжээтэй цайны газрын тааз, дээвэр, дээврийн хөндийд хураалттай дөрвөн ханатай гэр, найман ширхэг автомашины дугуй шатаж байсныг унтраажээ.

Хан-Уул дүүргийннэгдүгээр хороо, Энхтайваны гүүрэн дор дулааны шугамын дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 13:43 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад шуурхай албаны машин очих боломжгүй байсан тул цасаар унтрааж, Дулааны шугам сүлжээнд мэдэгдсэн байна.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:08 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х8 метрийн хэмжээтэй өвлийн байшин, эд хогшил шатаж байсныг унтраасан аж.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, 111 дүгээр байр нэгдүгээр орц тавдугаар давхарт айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 20:58 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад иргэн Н цахилгаан зууханд дээр савтай зүйл залгаатай орхиж согтуу унтаж байсныг хаалгыг онгойлгон орж утаажилтын бүсээс гаргаж амь биеийг нь авран хамгаалсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ