Ж.Батзандангийн шал буруу


2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиийн дагуу нэр дэвшигчид хүртэл амин хувийнх нь эрх ашиг цаашид албаны ажилтай харшлах эсэхээ нууж хаацайлах ёсгүй байсан юм. Гэтэл гэмгүй царайлж сонгогдчихоод одоо бүр арьсаа шууд хамгаалдаг байна ш дээ.
Эрхэм гишүүн Ж.Батзандан хаврын чуулганы үеэр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэн боловч тухайн үедээ буюу түүнээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ нэр дээр гадаад улсын банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгаламжийн болон харилцах данс, банкны зээл, үл хөдлөх хөрөнгөтэй байх, гадаад улсын компанийн үнэт цаас эзэмших. Мөн архи, тамхины үйлдвэрлэл болон импорт эрхлэгч аж ахуйн нэгжийн хувьцаа, үнэт цаас эзэмших. Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд улсын зардлаар гадаадын эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах, казино болон төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэх. Мөн улс үндэсний аюулгүй байдал, төрийн албан тушаалтны ёс зүй болон нийтийн ашиг сонирхлын үүднээс гадаад улсын харьяат эхнэр, нөхөртэй иргэнийг төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлэх, томилохдоо Монгол Улсын иргэншилтэй болсон байхыг шалгуур үзүүлэлт болгохоор санал асуулга явуулж эхэлснээ мэдэгдэж байсан билээ. Ингээд УИХ, Засгийн гишүүдээс эхлээд төрийн өндөр дээд 150 орчим албан тушаалтныг оффшор бүсэд данс нээлгэх, гадаад эхнэр, нөхөртэй бол зохих албанд сонгох, томилохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвшөөрөл авах гэх зэрэг агуулга бүхий заалтуудыг дээрх хуульд нэмэлт өөрчлөлт болгон оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн боловч харамсалтай нь навс уналаа.
Тэдний дотор Лондонд харштай, Чежү аралд усан онгоцтой, Хайнаньд сэрүүн лавринтай, Швейцарь, Сингапурын банкинд хадгаламжийн данстай тэрбумтнууд байгаа юм чинь нэг бодлын арга ч үгүй биз. Нөгөөтэйгүүр тэднийг сонгож толгой дээрээ гаргасан монголчуудын хохь нь. Ямар хууль санаачилж батлах нь мань 76 эрхмийн бүрэн эрх болохоос биш долоон буудлын Должин эмээ бол хэн ч биш. Социализмын үед МАХН-ын Улс төрийн Товчооны долоон гишүүний гурав нь лав орос эхнэртэй байж, Ю.Цэдэнбал дарга хатагтай Филотоватай нам, засгийн эрхийн хослон барьж болоод л байсан юм чинь. Харин Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен орос эхнэрээ төрхөмд буцаасан гэдэг. Одоо ч манай УИХ, Засгийн газарт орос эхнэртэй, америк нөхөртэй хүмүүс байж л байна. Хэрвээ Ж.Батзандангийн хуулийн төсөл дэмжигдсэн бол 300 орчим томчуудын ашиг сонирхлыг яах аргагүй хөндөх байж. Харин эзэн Чингис хаан энэ талаар ихэд сэрэмжилж, “Нэгэн сэтгэлт эр хэмээвээс эр бус эрдэнэ. Хоёр сэтгэлт эр хэмээвээс эр бус эхнэр. Нэгэн сэтгэлт эм хэмээвээс эхнэр бус эр. Хоёр сэтгэлт эм хэмээвээс эм бус албин чөтгөр” хэмээн төрийн хэрэгт хутгалдуулахгүй байсан нь учиртай.
АН-ын дарга, Ерөнхий сайдтайгаа аймшиггүй сөргөлдөж, эрх баригч намын гишүүн гээд эрх баригчдыг магтах үүрэг хүлээхгүй. Хулгай, луйвар, хуйвалдааныг нь нуун дарагдуулах үүрэггүй. Би ард түмнийг төлөөлж байгаа. Ард түмний эрх ашиг АН-ын эрх ашгаас дээгүүр байх ёстой гэж боддог. Тийм учраас үнэн бодит байдлыг иргэд, олон түмэнд хэлж байгаа юм. Үүнийг засч залруулахын төлөө тэмцэх болно гэсэн залуу гишүүн Ж.Батзандан шударга ёсны талд улам бүр цөөнх болсоор байна. Барын зулзагыг бага дээр нь дарж ав гэдэг үг хаант төрд ч, ардчилсан нийгэмд ч адилхан байдаг. Ардчилсан парламентад хамгийн сайн толгойн хүчээр бус, хамгийн олон гарын тоогоор асуудлыг шийддэг нь харамсалтай.
Тэр бас УИХ-ын тухай хуульд нэмэл өөрчлөлт оруулахаар саваагүйтэж байгаа. Гол зорилго нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай эрх зүйн зохицуулалтыг цоо шинээр гарган тавьж байгаад оршино. Тэгэхдээ тойргоос сонгогдсон гишүүнийг тухайн тойргийн нийт сонгогчдийн гуравны хоёроос доошгүй нь эгүүлэн татах тухай санал гаргасныг УИХ хүлээн авсан болон намын жагсаалтаар сонгогдсон гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эгүүлэн татах тухай санал гаргасныг УИХ хүлээн авсан бол гишүүнийг эгүүлэн татах тухай шийдвэр гаргана гэж нэмэлт оруулахаар тусгасан байгаа. Гэхдээ энэ нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд баримттай байх шаардлагыг ч хатуу харгалзжээ.
Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заажээ. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Ард түмний хүсэл зориг нь төрийн эрх мэдлийн үндэс байна” гэж тунхагласан зэргээс үзвэл энэ бол маш эрүүл саруул алхам. Манайхны даган дуурайдаг АНУ, Канад, Швейцарь зэрэг улсад төрийн сонгуульт албан тушаалтнуудыг сонгогчдын гарын үсгийг цуглуулах замаар эгүүлэн татдаг эрх зүйн зохицуулалт аль XVIII зууны сүүлч, XIX зууны эрхэн үеэс бий болсон юмсанж.
Гэхдээ эрхэм гишүүд УИХ дотор нэгэнт орж ирсэн бол эхлээд биеэ засдаг, дараа нь гэрээ засдаг, тэгээд төрөө засах цаг хугацаа олонхид нь үлддэггүй өнгөрдөг гашуун сургамжийг Ж.Батзандан олж харсангүй. Тэгэхээр Ж.Батзандангийн шал буруу. Хоёр дахь хуулийн төсөлд чинь УИХ байтугай байнгын хороо ч салхи оруулахгүй биз.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ