Э.Амаржаргал: Нэг л хүнтэй үерхэж байсан

Тусгай салаа” киноны Анужингийн дүрээр олны танил болсон Э.Амаржаргал өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр МУИС-ийг Монгол хэл-Англи хэл судлаач, орчуулагчийн мэргэжлээр төгссөн бөгөөд одоо үргэлжлүүлээд суралцаж байгаа юм. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард Итали улсад болсон “Мисс Моторс Интернэшнл-2012” тэмцээнд оролцож “Шилдэг аюулгүй байдлын элч төлөөлөгч” өргөмжлөл хүртсэн юм.

 -“Тусгай салаа” киноны Анужин, “Ялагдашгүй” олон ангит киноны Аслис гэдэг бүсгүйн дүрд тоглосон. Хоёулаа эсрэг дүр байсан. Эсрэг талын дүрд ч гэсэн, сайн чанар бий. Тоглосон дүрүүдийнхээ талаар яриач?

-Мэдээж сайн чанар байлгүй яахав. Хүмүүс миний тоглосон дүрүүдийг “Тэр нь муухай” ийм тийм гэж ярьдаг. Гэхдээ тухайн дүрд заавал нэг сайн чанар байдаг шүү дээ. Анужин, Аслис бол зорьсон зүйлийнхээ төлөө тууштай хандаж чаддаг дайчин бүсгүйчүүд. Их гоё чанар шүү. Ер нь би амьдралд тууштай, зорилготой хүмүүс ямар ч бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөхгүй, тэмцэгч зан чанартай байдаг байх гэж боддог юм. Тиймээс би тоглосон дүрүүдээ өмөөрнө. Өөртөө итгэлтэй, зорьсондоо тууштай, дайчин эмэгтэйчүүд надад гоё санагддаг.

 -Магадгүй зарим үед хүмүүс тоглосон дүрээр чинь хүлээж авах  тохиолдол байдаг л биздээ? 

-Гадуур явж байхад “Нөгөө нэг муухай охин чинь явж байна” гэх ч юм уу, үе тэнгийн залуус хоорондоо “Сүлдийн араас гүйдэг охин байна. Сүлдээ чамайг хэзээ ч тоохгүй ээ” гээд л араас хашгирдаг. Зарим нь бүр “Хүүе, шулам аа” гээд элдэв янзаар дууддаг л юм. Үүнд нэг их бухимдаад байх ч юу байхав. Тэд намайг хувь хүн талаасаа хэн бэ гэдгийг мэдэхгүй. Зөвхөн тоглосон киноны минь дүрээр хүлээж авсан болохоор би эмзэглээд байдаггүй юм.

 Э.Амаржаргал Анужингаас хэр өөр вэ?

-Анужингийн дvрийг бvтээхэд хэцvv байсан. Яагаад гэвэл кино ганцхан эсрэг дvртэй. Тvvнд нь би тоглосон. Бас энэ дvр миний байгаа байдлаас хэтэрхий өөр. Харин Анужинтай адилхан охид сvvлийн vед олон болоод байгаа юм шиг санагддаг. Найруулагч Анужингийн дvрээр сvvлийн vеийн охид бvх зvйлийг мөнгөөр шийдэхийг хичээдэг болсныг харуулахыг зорьсон байх. Мөнгөтэй л бол хэнтэй ч, юу ч хийхэд бэлэн болсныг тод томруунаар харуулсан. Анужин охин өөртөө итгэлтэй нь сайн боловч муу тал уруугаа хэт хазайсан байдаг бол Амаржаргал даруухан охин. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж явна. Бусдаас дутахгvй сайхан амьдрахыг хvсдэг. Анужингаас хэтэрхий өөр хvн.

-Эсрэг дvр бvтээсэндээ харамсдаг уу?

-Харин ч баяртай байгаа шvv. Эсрэг талын дvр бvтээх нь жvжигчнээс ихээхэн хариуцлага шаарддаг гэдэг. Анужин бол миний зан ааш, хvсэл сонирхлоос тэс өөр хvн. Тиймээс дөрвөн сарын турш ч болов тиймэрхvv ааш аягтай охид яаж амьдардгийг мэдэж авсан.

- Жүжиглэхээс гадна өөрөө олон улсын миссийн тэмцээнд хүртэл оролцсон шүү дээ. Загвар өмсдөг үү?

-Би загвар өмсөгч биш ээ. “Miss Mongolia-2009” тэмцээнд оролцоод шагналт байранд орж байсан. 2010 онд “Тусгай салаа” кинонд тоглож байх үед “Шилмэл загвар” компанийн захирал Ц.Оюунцэцэг эгч олон улсын миссийн тэмцээнд оролцох санал тавьсан юм. Тэгээд уг тэмцээнд оролцож “Мисс авьяас” өргөмжлөл авсан даа. Түүний дараа олон улсын тэмцээнд оролцох хоёр ч санал ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жил “World bikini model-2011” тэмцээний санал ирсэн “SBN” телевизийн “Гэр” олон ангит кинонд туслах дүр бүтээж байсан учраас оролцож чадаагүй. Киноны зураг авалт хэдийнэ эхэлсэн болохоор тэрийгээ хаяад явж болохгүй. Хажуугаар нь бас бус олон ажил зохицуулах хэрэгтэй. Харин миний оронд энэ тэмцээнд оролцохоор явсан Ө.Буянхишиг Гран при шагналыг нь аваад ирсэн байна лээ. Хэдийгээр би оролцож амжаагүй ч гэлээ, ийм том амжилт гаргасанд нь маш их баярлаж байсан. Түүнээс хойш миссийн тэмцээний санал ирсэн ч яваагүй ээ.

-Миссийн тэмцээнүүдэд нас заасан байдаг шүү дээ. Тэгэхээр ахиж тэмцээн уралдаанд оролцохгүй хэрэг үү?

-Олон улсын миссийн тэмцээнд оролцох шалгаруулалтад тодорхой нас заасан байдаг юм. Тиймээс боломж дагуулсан сайхан санал ирвэл оролцох байх. Харин 25 нас хүрчихээд миссийн тэмцээнд орно гэвэл бүтэхгүй биз.

-Юугаар бахархдаг вэ?

-Монгол эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархдаг.

-Найз залуу байгаа юу?

-Байхгүй ээ.

-Яагаад найз залуутай болохгүй байна вэ?

Угаасаа ч би тийм олон залуучуудтай үерхэж байгаагүй. Яг үнэндээ нэг л удаа үерхсэн. Яагаад найз залуутай болохгүй байгаа юм бэ гээд ойр дотныхон их л асууна л даа. Надад тохирох хүн нь гарч ирэхгүй л байна. Тоо гүйцээх гэж байгаа биш сэтгэл санаанд нийцээгүй хүнтэй заавал үерхэж нөхөрлөх хэрэг байхгүй. Миний сэтгэл зүрхийг ойлгох, надад зориулагдсан хүн байвал хамаагүй үерхэнэ. Асуудал байхгүй.

-Араас чинь мэдээж олон залуу гүйдэг байх. Чамд таалагддаг хэн нэгэн ч байхгүй гэж үү?

-Байхгүй ээ.

-Ирээдүйн нөхрөө ямар эр хүн байгаасай гэж хүсч байна?

-Эмэгтэй хүнийг маш сайн ойлгодог, хүндэлдэг, ухаантай, амьдралын төлөө тэмцэж чаддаг тийм л хүн байгаасай гэж боддог доо. Эр хүн амьдралыг ямар өнцгөөс, ямар өнгөөр харж байна, амьдралаа яаж авч явах ямар ухаан зарцуулж байна гэх ч юм уу, эр хүний ноён нуруу, сайн сайхан чанарыг нь олж харахыг хичээдэг. Хэрэв сэтгэлд минь хүрэхгүй бол “Уучлаарай, чи надад таалагдахгүй байна” гээд шулуухан хэлчихдэг. Яах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй яваад байвал тэр хүнд улам хэцүү байх болно. Анхнаасаа надад таалагдахгүй байгаа юм чинь заавал тэр хүнтэй уулзаж, болзоод явах утгагүй шүү дээ. Тийм цаг зав ч бараг гарахгүй биз.  Мөрөөдлийнх эсэхийг нь мэдэхгүй ч танилцах хүсэлтэй залуучууд бол байдаг.

 -Би яг ийм тийм хүнтэй сууна гэж ярихаараа дараа нь яг эсрэгээр нь огт өөр хүнтэй суучихсан тохиолдол их байдаг шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ миний хувьд тэгэхгүй байх гэж найдаж байгаа. Цаанаас нь бурхан юу гэж зурсан юм тэр зураасаараа л явах байх даа.

-Гэр бүлээ хэзээгээр төлөвлөх гэж байна?

-Яг тэдэн жилийн дараа гэсэн юм байхгүй л дээ. Барагцаагаар 4-5 жилийн дараанаас хүнтэй суух бодол байна.Одоохондоо залуу байна, өөрийгөө боловсруулаад авъя гэж бодох юм.

-Гэр бүлийн үнэ цэнэ чиний бодлоор юунд орших вэ?

-Бие биенийгээ хайрлах, итгэх, ойлголцох, хүндлэх юм уу даа.

-Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?

-Ер нь бол олон хүүхэдтэй болно гэж боддог. Яагаад гэхээр би айлын ганц хүүхэд. Ганцаараа байх жаахан хэцүү байдаг. Тийм болохоор олуулаа байхыг хүсдэг. Тэгээд л багаасаа биеээ даагаад сурчихсан.

- Гоо сайхандаа хэр их анхаардаг вэ, ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Анхаарна. Гоо сайханд орохын хувьд орно. Гэхдээ бүр хааяа нэг ордог юм даа. Ер нь гэрээрээ л өөртөө анхаарал тавьдаг. Янз янзын л бүтээгдэхүүн хэрэглэдэг. Нэг комоо дуусангуут өөрийг авдаг. Одоо япон бүтээгдэхүүн хэрэглэж байгаа.

-Жиндээ яаж анхаардаг вэ, хоолны дэглэм барьдаг уу?

-Хоолны дэглэм барьдаггүй ээ. Харин гадуур алхах маш их дуртай. Их ч алхдаг. Ингэж л жингээ зохицуулдаг гэж ойлгож болно. Фитнесээр хичээллэнэ, усан бассейнд явна, бас хааяа найзуудтайгаа ууланд гарч алхдаг. Чадвал долоо хоногт нэг удаа ууланд гарахыг хичээдэг.

-Баян хүнтэй явдаг охидууд гээд л их ярьдаг. Энэ талаар?

-Хүний явдал суудлыг би шийдэхгүй л дээ. Тэр хүн өөрөө хүсээд явж байвал яахав дээ. Миний хувьд эсрэг байр суурьтай байдаг. Яахав үнэхээр хайр сэтгэлтэй болоод уулзаж учраад явж байгаа бол насны зөрүү хамаагүй шүү дээ. Зүгээр мөнгө, ашиг хонжооноос болж баян хүнтэй явж байгаа бол муухай л даа. Яаалаа ч гэж аав шигээ, өвөө шигээ хүнтэй явж байдаг юм бүү мэд. Утгагүй асуудал.

-Ямар стилийн хувцас өмсөх дуртай вэ?

-Стильд баригдахыг хүсдэггүй. Гэхдээ ер нь миний ихэнх хувцас платье болчихсон байна билээ. Уг нь арван жилд, 1,2-р курсд  байхдаа кет,  малгайтай цамц, жинсэн өмд их өмсдөг байж. Гэтэл яагаад ч юм мэдэхгүй их л олон даашинзтай болчихсон. Тоолж үзээгүй. Нэлээн хэд байгаа шүү.

-Ямар өнгөнд дуртай вэ?

-Ягаан, номин цэнхэр, ногоон өнгөнд их дуртай.

- Гоёл чимэглэл, аксесуар их байгаа юу?

-Ганц дуртай зүйл чинь тэр шүү дээ. Ихэвчлэн том унжуургатай саглагар нүсэр ээмэг их цуглуулна. Манай ээж байгалийн чулуу их сонирхдог. Тийм болохоор сүүлийн үед чулуун ээмэгт зүүлт, сувд гоё харагддаг болоод байгаа. Хоёр том хайрцаг дүүрэн байгаа даа.

-Хамгийн үнэтэй авсан ээмэг зүүлтээ хэдээр авч байсан бэ?

-Тийм аймаар үнэтэй авсан ээмэг зүүлт байхгүй ээ. Алт монетонд би яагаад ч юм нэг их дуртай биш ээ. Мөнгөн эдлэлд харин дуртай. Ээж аав хоёр бэлэглэсэн алт, монетан эдлэл байгаа. Харин өөрөө авч байгаагүй.

-Мөнгөний тухай бодол?

-Мөнгө амьдралын хэрэглээ шүү дээ. Гэхдээ мөнгө олох хэцүү, үрэх  амархан юм шиг. Гол нь хүн дуртай, чаддаг зүйлээ тууштай хийх юм бол мөнгө өөрөө ороод ирдэг байх гэж боддог. Миний хувьд бусадтай л адилхан оюутан болохоор нэг их зардал гаргаад байх нь бага даа. Гэр сургууль хоёрын хооронд таксинд л мөнгө зарна  даа ихэвчлэн.

-Ямар утас барьж байна?

-Iphone5. Саяхан сар гаруйн өмнө манай хамаатны ах эгч хоёр бэлэглэсэн. Би ер нь утсанд ач холбогдол өгөөд хошуураад байдаггүй. Зүгээр л нокиа барьдаг байсан.

-Машин байгаа юу?

-Байхгүй.

-Яагаад машин авч унахгүй байна?

-Гэрийнхэн жижиг тэрэг авч өгье гэж ярьсан л даа. Гэхдээ надад одоохондоо машин шаардлагагүй. Бөөн бөглөөн дунд машин унаж явж байснаас сайхан алхаж байх нь надад хамаагүй дээр.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Ном унших их дуртай. Сүүлийн үед хэрээсэн хамгамал оёдог болоод байгаа. Одоо гурав дахь хатгамалаа оёж байна. Цээнийн ягаан цэцэг, цаг хатгачихсан, одоо найман шарга морь хатгаж байгаа.

-Бүжиглэх дуртай юу?

-Дуртай. Гэхдээ тав дахь өдөр болгоныг алгасдаггүй хүмүүс байдаг даа. Тийм биш. Янз бүрийн баяр ёслол, хамт олны нийллэг, найз нөхдийн төрсөн өдөр гэх мэт онцгой өдрүүдээр диско клуб ордог. Залуу хүн шүү дээ би. Ихэвчдэн I loft, Metropolis, Brix ордог.

-Үсний засалтаа хэр их өөрчилдөг вэ?

-Бараг өөрчилдөггүй. Багаасаа л урт үстэй хүүхэд байсан. Одоо жоохон л тайрчихсан байгаа. Янз бүр болгоод байхыг хүсдэггүй. Өнгийг нь ч бороор нь байлгая гэж боддог. Зун нэг хэсэг цайвар өнгөтэй байсан.

 -Энэ нийгэмд шүүмжлэлтэй хандах зүйл бишгүй байгаа байх?

-Энэ талаар мэдээж бодолгүй яахав . Ялангуяа гэр бүл салж сарних асуудал их гарах болсон. Хүн бүрийн амьдрал харилцан адилгүй байдаг байх. Түүнийг заавал ийм байх ёстой гэж ангилж үзэх нь утгагүй. Гэр бүлийн амьдрал гэдэг чинь үр хүүхэд, цаашлаад маш том ертөнц шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн амьдрал зохиох тал дээр сайтар бодож, хариуцлагатай хандах хэрэгтэй гэж боддог. Хэтэрхий их сэтгэлийн хөөрлөөр суучихаад хэсэг хугацааны дараа салж сарних нь хүүхэд өнчрүүлэхээс эхлээд хор уршигтай зүйл. Миний хувьд, гэр бүл минь маш үнэ цэнэтэй, бүхний түрүүнд тавьдаг юм. Эмэгтэй хүний хувьд ч тэр, гэр бүлийн амьдрал зохиох нас ойртсон учраас сүүлийн үед энэ талаар их бодох болсон шүү.

-Гоо сайхны мэс заслыг дэмждэг үү?

-Дэмжээд байх нь хаашаа юм, гэхдээ бас үгүйсгэхгүй. Сайхан харагдахыг эмэгтэй хүн бүр л хүснэ. Үнэхээр хийлгэмээр санагдвал буруутгаад яахав дээ. Сүүлд нь гарах үр дагаврыг сайн тооцож, хийлгэх нь л чухал байх. Миний хувьд, одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун явдаг. Тиймээс мэс засал хийлгэе гэж огт боддоггүй. Дунд сургуульд байхдаа аэробекээр хичээллэж, багаараа тэмцээнд шалгарч байсан удаатай. Одоо фитнессээр хичээллэж байгаа, удахгүй усан бассейнд явна аа. Энэ маягаар л гоо сайхандаа анхаардаг юм, өөр зүйлгүй.

-Багадаа ямар хочтой байсныг чинь сонирхож болох уу?

-Бага байхад янз бүрээр л дуудуулна шүү дээ. Гэхдээ нэг их айхтар хоч зүүсэн юм алга. Гурав билүү, дөрөвдүгээр ангид байхад юмдаг. Ангийн маань нэг сахилгагүй хүү намайг “Бүлтүүш” гэж дуудаж байсныг ер мартдаггүй. Тэрнээс өөр хоч сонсоогүй шүү.

 -Ярилцсанд баярлалаа.

Б.Бурам

  //

СЭТГЭГДЭЛ БИЧИХ