“Симба” Батаагийн эрхэм дүү нар


“Хэцүү ангийнхан” сүүлдээ хичээлдээ суухаа болив. Арга ядсан ангийн дарга нь хоцорсон, тасалсан хүүхдүүдээ торгохоор сүрдүүлэв. Уг нь тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ унтах нойр, идэх нойроо умартаж ард түмнийхээ төлөө зүтгэнэ, сайд болбол хагас, бүтэн сайн өдөр ч харьж амрахгүй ажиллана гэж байсан чинь яалаа. Одоо болохоор цөөнхийн бүлэг нь сав л хийвэл завсарлага авч, эсвэл ирц нөхдөг болсноо гайхуулж сууна. Харин олонхийн бүлгийн гишүүд гурван байнгын хороонд харъяалагддаг болохоор тэлээ хурга шиг гүйсээр өнгөрдөг гэнэ. Хүүхдүүд ангидаа нэг жилийн нүүр үзэж, улирсан сурагчдаас Су. Батболд цалингаа нэмүүлэхээр, Р.Гончигдорж цагаан сараар тав хоног амрахаар хөөцөлдөж явна. Одооноос “Симба” Батаагийн шийрийг хатаах дүү нар гарч ирж байна.
Эрхэм гишүүдийн “би” гэдэг өвчин эхэлжээ. Хүүхдүүд ийм дээрээ л хөөрхөн байдаг юм. Уг нь жаахан юм үзэж, нүд тайлсан бол АНУ-ын конгрессын нэг гишүүн улсынхаа 590 мянган иргэнийг төлөөлдөг, харин Солонгосынх 166 мянга, Японых 175 мянган хүнийг төлөөлдөг гэж эрхбиш сонсоо биз. АНУ-д парламентийн гишүүд жилдээ 174 мянга, Японд 154.4 мянга, БНСУ-д141 мянган ам.долларын цалин авдаг юм байна.
Харин манай эрхэм гишүүдийнх ямар байдаг бол. УИХ-ын гишүүдийн зардлыг жилд 22 тэрбум 411 сая төгрөг байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүнд дунджилбал жилд 294.8 сая төгрөгийн зардал гаргахаар байна. Гэхдээ манай улсын хүн ам 2.9 сая гээд тооцоход хууль тогтоогч нэг гишүүн дунджаар 38154 иргэнийг төлөөлж таарна. Манай парламентйн гишүүд Япон, Өмнөд Солонгосын хууль тогтоогчдыг бодвол тав дахин бага, АНУ-ын конгрессийн гишүүдийг бодвол 15 дахин бага хүн ам төлөөлдөг хэрнээ цалин нь бараг адилхан ажээ.
УИХ-ын гишүүний жилийн цалин 10 сая, туслах, зөвлөхийн цалин 26 сая, хоол, унааны зардал 193 сая, хууль сурталчлах нэрээр 10 сая, бусад орны хууль судлахад 10 сая, гар утасны ярианы зардалд 1.44 сая, хэрэгжих эсэх нь хамаагүй хууль санаачилсных нь төлөө 20 сая, унааны зардалд 6.6 сая, тойргийн томилолтод 8.7 сая гэхчлэн зардлууд хөвөрч эхэлдэг. Тэдний зардал УИХ-ын үйл ажиллагааны нийт зардлын тал хувийг эзэлдэг байна. Үлдсэн нь УИХ-ын үйл ажиллагааны мэдээлэл сурталчилгааны зардал 3.6 тэрбум, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болон байнгын хороодын хуралдааны танхимуудын камерын болон санал хураалт, микрофоны системийг шинээр авч тавих, шинэчлэх зардалд хоёр тэрбум 555 сая төгрөг, эрхмүүдийн албан өрөөний тавилгыг шинэчлэхэд 500 саяыг зарцуулж байсан бэлээхэн жишээ бий.
Япон, Солонгос, АНУ зэрэг улсад парламентын гишүүдийнхээ цалин, хангамжийг багасгах талаар ярьж, гишүүд нь өөрстөө зардлаа бууруулахыг дэмжиж, тодорхой арга хэмжээ аваад эхэлчихсэн юм билээ. Жишээлбэл, Японы парламентын гишүүд зардлаа бууруулах тал дээр өргөн хэлэлцүүлэг явуулснаар 2012 онд цалингаа 30 хувь, нэмэгдэл урамшууллаа 50 хувь багасгажээ. Харин манайхан УИХ-ын 2014 оны төсвийн төслийн танилцуулгыг л сонсох үеэрээ бие биетэйгээ муудалцаж байгаа харагдсан. Пропорциональ системээр сонгогдсон буюу тойроггүй гишүүдэд бие төлөөлөгч байх хэрэггүй гэж үзэн, бие төлөөлөгчид олгодог байсан зардлыг хасч, тойргоос сонгогдсон 48 гишүүний зардал дээр нэмэх санал гаргасан нь эрхэм гишүүдийг талцахад хүргэж байлаа. Тэд жилдээ ав адилхан 294 сая төгрөгийн хангамж авдаг ш дээ.
УИХ-д яах гэж сонгогдддог вэ. Дөрвөн жил хэн ч халдашгүй дархан эрх эдэлж, ногоон паспортаар дэлхийг тойрч, хамаатнуудаа өөд нь татаж, хамгийн гол нь идээд өгөх. Шог зохиолч М.Дэмчигийн “Идээд өгөөч ээ” гэдэг хошин өгүүллэг шиг. Ажлаас хоцрох, хурал таслах гэдэг бол юу ч биш.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ