Дугаарын хязгаарыг дахиулсаар байгаад ялуулав

11 дүгээр 13-15-нд сайтууд болон мессежээр авсан санал асуулгын нийлбэрээр иргэдийн 64% хувь нь “Өвлийн цагт дугаарын хязгаарлалтаа түр цуцлая” гэсэн санал өгсөн ч хотын дарга Э.Бат-Үүл өөрөө эхэлж асуучихаад “Иргэд минь сайн бодох л хэрэгтэй” гэж ухуулан барилдааныг дахиулсан юм. Интернэтээр санал өгөгчдийн 74,3% нь хязгаарлалтаа цуцлая гэсэн, мессежээр хариу ирүүлсэнтэйгээ нийлээд 64% нь болсон ч “Хайнцсан хайнцсан. Дахиул, дахиул” гэж дарга нар үзсэнээр 27-нд дахиулсан билээ. Тэгсэн чинь 70,9% нь “Дугаарын хязгаарлалтаа дэмжсэн” дүн гарч хоёрхон долоо хоногийн өмнөхөөс тэнгэр газар хөмөрч, нар баруунаас гарлаа. Ард түмэн гуйваад байна уу, гуйвуулга ард түмэнжсэн үү? Мобикомын мессежээр хязгаарлалт зогсоох нь 1 дүгээр хариулт, “Юнител”-ийнхээр бол хязгаарлалт үргэлжлүүлэх санал эхэнд байсан учир маш олон хүн будилав. Арван хүний зургаа нь хязгаарлалтаа зогсооё гэж байснаа арван хүний долоо нь үргэлжлүүлье болж 14 хоногт орвонгоороо эргэдэг байна. Асуухаар нь хариулсан болохоос, хариулахаар нь асуугаагүй атал дахиулсаар байгаад л шийдлээ.
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ