Ж.Батзанданг алсан ч багадна

Иргэний хөдөлгөөний Ж.Батзанзандан гудамжинд тэмцэж явснаас нь хамаагүй илүү дарамт УИХ-ын танхимд ирдгийг сая мэдрэв.

Түүний арван жилийн тэмцэл бол гудамжинд тогтсон шалбааг дахь нүдэнд үл үзэгдэх биетүүдийг микроскопоор томруулж харсан шиг тийм эмх замбараагүй үйлдэл байгаагүй.

Харин ч авлигын ханыг алхаар цохин эмтэлж, төрийн хэмжээлшгүй эрх мэдлийн эсрэг иргэд гар далайж чаддаг болж, одоо оффшор бүс дэх улстөрчдийн газар шороогоо худалдсан мөнгөө ил болгохыг хүссэн тэмцэл байв.

Үүнийгээ ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм.

Товчхон утга нь ердөө л төрийн өндөр дээд албан тушаалтнууд их хэмжээний гадаад валютаа татвараас зугтаалгаж оффшор бүсэд данс нээлгэж хадгалуулахгүй байх, гадаад эхнэр, нөхөртэй бол улс орны эрх ашигтай холбоотой төрийн өндөр албанд сонгох, томилохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үгийг сонсдог болооч ээ.

Урьдын гашуун сургамж, дэлхийн улс орнуудын жишиг ийм байна гэдгийг сануулсан хэрэг. Харамсалтай нь энэ асуудал УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр жинхэнэ дайн дэгдээв. Хөөрхий муу Ж.Батзанданг олонхийн бүлгийн гишүүдээс боорлож эгээ л алах шахав.

Ялангуяа хүүхнүүд нялх үрээ хамгаалсан эмэгчин араатан шиг аашилсан нь харьд мөнгөө нууж хадгалуулна гэдэг ганцхан С.Баярцогт биш, томчуудын дунд тогтолцоо болтлоо хавтгайрсныг яруу тод баталлаа. Тийм ээ, тэр дандаа шударга ёсны төлөө, шударга бус тогтолцоог нураахын төлөө бодлоготой тэмцдэг.

Харин байнгын хорооны хуралдаан дээр навс унасан дээрх хуулийн төслийн хэлэлцүүлэг ийнхүү нэгдсэн хуралдаан дээр дайн дэгдээсэн нь наанаа Ж.Батзандангийн ганцаардал мэт харагдавч цаанаа шударга ёсны ялалтын бүрээн дуу наашилж байх шиг.

Өнөөдөр түүний гар утсанд олиргархиудын заналхийлсан мессеж тасрахгүй цуварч байгаа ч цахим ертөнцөд жирийн иргэдийн дэмжсэн коммент пиг пүүрэн байна. Монгол Улсын Их Хуралд ямар хүмүүс орж ирсэн, энэ танхимд шударга ёсны эсрэг нүдэнд үл үзэгдэх ямар их дарамт байдгийг Монголын ард түмэн өчигдрөөс эхэлж зах зухаас нь мэдэрч эхлэв.

Хоёр нүүртнүүд үү, эсвэл Ж.Батзандан уу гэсэн амь өрссөн тулаан эхэлжээ. Олигархиудын хувьд Ж.Батзанданг алсан ч багадна.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ