Ч.Баттуулын шийтгэх тогтоолыг гардууллаа

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуулд давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдээд буй. Тэрээр анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авсны дараа Нийслэлийн шүүхэд гомдлоо гаргах юм. Тэгвэл түүний тогтоолыг өнөөдөр гардуулан өгсөн байна. Ингэснээр тэрээр хуулинд заасны дагуу 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо Нийслэлийн шүүхэд хүргүүлэх юм. Ч.Баттуул өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн сахилгын өрөөнд хоригдож байгаа. Түүнийг 15 хоног сахилгад хийх тушаал гарсан ба өдгөө ес дэх хоногоо тус сахилгын өрөөнд өнгөрүүлээд байна.

Хэргийг сануулбал, өнгөрсөн 2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр манай улсын хилээр АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгч орж ирсэн байдаг. Тэрээр ирсэн өдрийн маргааш нь буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр амиа алдсан юм. Түүний цогцсыг Төв аймгийн Цонжинболдогоос олсон. Харин түүний амиа алдсан хэрэгт Ч.Баттуулыг буруутгаснаар түүнд 23 жилийн хорих ял оноогоод байгаа юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ