Аль сургуулийн багш чанаргүй жолооч бэлдэж байгааг ч харах боломжтой

Шинэчлэлийн засгийн газрын ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем” байгуулах ажлыг эхний ээлжинд нийслэлийн хэмжээнд ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон. Ерөнхий сайдын багц 50 тэрбум төгрөгөөс санхүүжилтийг нь гаргасан энэ ажлыг “Смарт солюшнс” компани гүйцэтгэсэн бөгөөд 1.8 тэрбум төгрөг зарцуулжээ.

Энэхүү систем нь Замын цагдаагийн ажилд дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, нийслэлийн автозамын хөдөлгөөнийг зохицуулж байгаа ажилтан, албан хаагчид торгуулийг бэлэн бусаар ноогдуулах юм. Зөөврийн компьютерээр жолоочийн ухаалаг үнэмлэхийг шалгаж, дотор бичигдсэн мэдээллийг унших, бичих, түүнчлэн гаргасан гаргасан зөрчил, ногдуулсан торгууль, түүнийг төлсөн байдал, цаашилбал автомашины татвар, даатгалыг хүртэл хянаж шалгах боломж бүрдэж байна. Энэ бэлэн бус торгуулийн систем нэвтэрснээр хууль тэгш үйлчлэх юм.

Тухайлбал үнэмлэхээ мартсан жолоочийг жолоодох эрхтэй үгүйг мэдэхэд хэцүү. Тиймээс заавал захиргааны хэрэг бүртгэх журмаар заавал журмын хашаанд хийж, үнэмлэхтэй эсэхийг нь шалгадаг. Тэгвэл энэ систем хэрэгжсэнээр тухайн хүний бүх мэдээллийг авч болно. Ингэснээр хэн хэндээ чирэгдэлгүй болох гэнэ.

Зөрчил гаргаж торгуулсан иргэн 14 хоногийн хугацаанд аль ч банкинд торгуулиа төлж болно. Харин олгосон хугацаанд торгуулиа төлөөгүй бол жолоо барих эрхийг нь хасах хүртэл хариуцлага тооцох тухай холбогдох дүрэмд өөрчлөлт хийгдэж, шинээр журам батлагдах юм. Цаашид торгуулийг бүртгэхээс гадна гаргасан зөрчил бүрт дүйцүүлсэн оноог жолооч болгонд олгосон 100 онооноос хасч тооцох юм байна. Хэрэв 0 оноотой болбол жолоодох эрх нь хасагдаж, дахин сургалтанд хамрагдан, шалгалт өгөх зэрэг арга хэмжээ авах юм.

Энэ систем эхний ээлжинд нийслэлд хэрэгжинэ.Нийслэлийн хэмжээнд иргэдийн гаргаж буй зөрчлийг цахим санд бүртгэснээр дүн шинжилгээ хийх суурь бүтэц бий болно. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын зөрчлийн мэдээллийн сан бүрдсэнээр аль жолооны сургууль, аль жолооны багш хамгийн чанаргүй жолооч бэлтгэжхотын түгжрэлд “хувь нэмэр” оруулж байгааг ч харах боломжтой болох юм.

Нийслэлийн хэмжээнд 400 төхөөрөмжийг уг ажлыг гүйцэтгэгч “Смарт солюшинз” ХХК-аас Замын цагдаагийн ажилтнуудад нийлүүлэн хэрэглээнд оруулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ