“Үүлэн заяа” дуурь тоглоно

УДБЭТ-ын 50 жилийн ойн хүрээнд хийж буй цуврал ажлуудын нэг болох “Үүлэн заяа” дуурийн 25 жилийн ойг ирэх сарын 04-ны өдрийн 17 цагт УДБЭТеатрт болно. Уг дуурийг Ш.Шажинбатын цомнолоор монголын алдарт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бүтээжээ. Тус дуурийн анхны тоглолт 1988 оны 04-р сарын 29-ны өдөр тоглогдож, Удирдаач: Туулайхүү УГЗ, Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ, Зураач: Ч.Гунгаасүх АЗ, Туслах найруулагч: Е.Сарантуяа/СТА/, Хормейстер Ж.Хайдав, Д.Нандинцэцэг нар ажиллаж байжээ. “Үүлэн заяа” дуурь нь гурван бүлэг дөрвөн үзэгдэлтэй. Дуурийн гол дүрүүдийг 25 жилийн турш манай театрын үе үеийн 43 шилдэг уран бүтээлч амилуулан үзэгчдийн хүртээл болгожээ. Энэ удаагийн тоглолтод Хоролдой /Тэргүүн ноён/ басс-О.Хүрэлбаатар СТА, Төмөртөр /Наранзэлийн нөхөр/ тенор-Г.Шижирболд, Наранзэл /Хоролдойн охин/ сопрано-Ш.Наранчимэг СТА, Тэнүүн /Хоролдойн хүү/ баритон-А.Сайнбаяр СТА, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, Цурхай/Шивэгчин/меццо-сопрано-Р.Доржхорлоо СТА, Хоовондой /Цурхайн нөхөр/ бас-баритон-Э.Бумхүү СТА, Ард баритон-Б.Алтанхуяг, Б.Баатархүү, Найданоточ тенор-Д.Эрдэнэ-Очир, Төмөртөрийн хүү-Б.Дагвадорж зэрэг манай театрын залуу уран бүтээлчид тоглох гэж байна. Тус дуурь нь гай зовлонгоос сэрэмжилж, газар нутгаа, ард иргэдээ хамгаалж буй ноён түүний охин Наранзэл, түүний нөхөр Төмөртөр нарын амьдралын зөрчилдөөнийг өгүүлнэ. Төмөртөрийн нэр төр байр сууринд санаархсан санаа  муутай нэгэн  өөрийн хийсэн  хорон муу санаанд хэрхэн өртөж байгааг дуурийн үйл явц илэрхийлнэ. Зохиолч энэ дууриар зуурдын юмыг үүрдийн мэт төсөөлөгч хүмүүсийн хөөрхийлөлтэй амьдралыг илэрхийлэхийг зорьжээ.

Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны гэр бүлийнхэн түүний бүтээлийг мөнхжүүлэх, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь сурталчлан таниулж, өргөн олны хүртээл болгох  зорилгоор “Ц.Нацагдорж сан”-г байгуулжээ. Энэ сан нь “Үүлэн заяа” дуурийн 25 жилийн ойд зориулан тус дуурийн гоцлол болон найрал дуучдын 2 сая гаруй төгрөгийн хувцсыг шинэчлэн хийлгэж, дуурийн клавирийг ном болгон эмхэтгэж театрын үйл ажиллагааг дэмжин ажиллаж  байна.

 

 Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ