Т.Сувдаа: Хүүхдийн чинь бөөсийг шалгана гэх эрх бидэнд байхгүй

Сүүлийн үед Сүхбаатар дүүргийн 149-р цэцэрлэгийн хүүхдүүд тэр чигээрээ бөөстсөн байна гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Энэ талаар үнэн бодит мэдээлэл авахаар тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзлаа. Нийслэлийн хэмжээнд бүх цэцэрлэгүүд ачаалал ихтэй байдгаас болж хүүхдүүдийн дунд элдэв өвчин халдварлах тохиолдол их гардаг аж. Мөн олуулаа шахцалдан унтсанаас болж ийнхүү бөөс халдварласан бололтой.

Сүхбаатар дүүргийн 149-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаа:

-Хэзээ бөөс илэрсэн юм бэ?

-Аравдугаар сарын таванд манай ахлах ангийн нэг хүүхдийн үсийг самнаж байсан манай туслах багш нэг амьтан байна гээд бид очиж үзтэл дээр үеийн гардаг байсан бөөснөөс арай өөр, жижигхэн амьтан байсан. Шимэгч мэддэг хүнээс асуухад гэрийн тэжээмэл амьтнаас гардаг амьтан байна гэсэн. Гэхдээ бөөс гэж л бодож байгаа. Тэгээд бүх ангийн хүүхдүүдээ үзлэгт оруулаад, яаралтай арга хэмжээ аваад халдварт шар өвчин гарах үеийн ариутгал цэвэрлэгээгээр өдөрт гурван удаа цэвэрлэсэн. Бүх хөнжил гудсаа гадаа гаргаад, амьтад байвал хөлдөж үхэхээр л их цэвэрлэгээ хийсэн. Тэгээд тэр үедээ бүх асуудлаа дуусгаад намжсан байсан л даа. Сарын өмнөх асуудал шүү дээ.

-Тэгээд энэ асуудлаа мэргэжлийн шалгадаг байгууллагуудад нь яагаад мэдэгдээгүй юм?

-Тэр үед бид яаралтай арга хэмжээ аваад намдаачихсан болохоор тийм зүйл санаанд ч ороогүй ээ. Арцны ханд сайн байдаг гэхээр нь арц хандлаад, хүүхдийнхээ толгой угаагаад намдаасан.

-Хэд хэдэн хүүхэд бөөстсөн гэсэн шүү дээ?

-Эхний бөөстсөн хүүхэд нь манай ахлах ангийн хүүхэд. Тэгээд тэр хүүхэдтэй ойр дотно өөр хэн байдаг билээ гээд шалгаад үзтэл эгч нь бэлтгэл ангид явдаг, тэгээд бас нэг хүүхдээс бөөс илэрсэн. Нэгнээс нь хоёр, нөгөөгөөс нь нэг бөөс, үлдсэнээс нь цагаан хуурс шиг зүйл илэрсэн л дээ. Гэтэл гадуур манай цэцэрлэгийг тэр чигээрээ бөөстсөн гээд ярьж бичээд байгааг гайхаж байна. Тэгсэн бол хүүхэд, эцэг эхчүүд бослого гаргана шүү дээ.

-Бөөс илэрсэн хүүхдийн эцэг эхтэй нь уулзаж хэлсэн үү?

-Хэлэлгүй яахав. Тэрайлд муур тэжээдэг хүүхэд байсан. Бид гэрт нь очиж шалгаж үзнэ гэлтэй биш. Хүний эрхэнд халдсан зүйл болно шүү дээ. Тэгээд ч хүүхдийг цэцэрлэгт авахдаа бөөсийг нь шалгана гэх эрх бидэнд байхгүй. Жишээ нь чиний хүүхдийг бөөсийг нь шалгаж байж авна гэвэл чамд ямар санагдах вэ. Одоо бол бид хүүхдийн цагаан хорхой, шээсний шинжилгээ л авдаг. Гэтэл хэд хоногийн өмнө гэртээ суудаг ээжүүдийн хоорондоо юм бичдэг фэйсбүүк группээр энэ талаар бичсэн байсныг сэтгүүлчид харсан юм шиг байна билээ. Тэгээд л элдэв юм нэмж, хачирлаж бичээд байна. Манайхыг бясаатай, цэвэрлэхийн аргагүй, дийлдэхгүй их бөөстэй гэж бичсэн байсан. Сэтгүүлч хүн ингэж ёс зүйгүй аашилж болохгүй л дээ. Хоёр талын байр сууринаас хандаад, дундаас нь ямар дүгнэлт гарах нь вэ ажиглаж байж бичих ёстой биш үү. Энд бүхэл бүтэн улсын байгууллагын нэр хүнд явж байна. Ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрийн яаж үнэлж байгаа юм. Манайх байн байн хлорамины уусмалаар их цэвэрлэгээ хийдэг. Тэгэхээр бөөс өсч үржих орчин байхгүй.

-Бөөс илэрсэн хүүхдүүд цэцэрлэгтээ явж байгаа юу?

-Нэг хүүхэд нь явахгүй байгаа. Сайтад мэдээлэл өг сөн нэг ээж нь хүүхдээ явуулахгүй байгаа. Бусад нь зүгээр л явж байна. Манай цэцэрлэгийн үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт гараагүй. Та бүхэн харж байгаа биз дээ. Одоо унтлаганы цаг. Хүүхдүүд унтаж амарч байна.

-Дахиад бөөс илрэх магадлал байгаа шүү дээ?

-Бөөсний эх сурвалж яг хаанаас вэ гэдгийг, хэн авч ирэхийг мэдэхгүй болохоор магадлал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сар өнгөрөхөд манай дахиад бөөс илрээгүй. Одоо бол өглөө бүр хүүхдүүдээ шалгаж байна. Яах ч юм билээ гээд айдастай л байна шүү. Сайт дээр бичсэн мэдээлэл уншаад өрхийн эмч нар хүртэл ирж үзлэг хийж байгаа.

-Хүүхдүүд тус тусдаа хөнжилтэй биз дээ?

-Тус тусдаа, өөр өөрсдийнх нь нэртэй, таних тэмдэгтэй хөнжилд унтана. Угаасаа хүний хөнжилд унтах хүүхэд орчин үед ч байх аа больсон. Минийх гээд бүх зүйлээ мэддэг болчихсон.

-Бусад хүүхдийн эцэг эхчүүд яаж хандаж байна?

-Тухайн үед нь бүх эцэг эхдээ хэлсэн. Юу гэж нуухав дээ. Цэцэрлэгийн зүгээс , эцэг эхийн зүгээс ч энэ асуудалд анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж энэ асуудлаас гарна. Тэгж бодоод “Манай цэцэрлэгт ийм асуудал гарсан. гэхдээ цаг алдалгүй арга хэмжээ авч устгалаа. Та бүхэн хүүхэддээ анхаарал тавьж, үзэж шалгаж байгаарай” гэж зарлал хүртэл тавьсан. Тэрнээс би нууж хаагаагүй.

-Хэчнээн хүүхэдтэй вэ?

-150-иад хүүхэд байна. Дөрвөн бүлэгтэй цэцэрлэгт эмчийн орон тоо байдаггүй. Номыг нь үзсэн хүн байвал уг нь өөр шүү дээ. Эмч байхгүй болхоор би өөрөө эмч болж, хүнээс асууж анхны яаралтай арга хэмжээ авсан. Манай ээж эрүүл ахуйч хүн байдаг. Тэгээд ээжээсээ асуухадарцны өтгөн хандаар угаасны дараа хулсан шүүрээр шүүрддэг гэж хэлсэн. Тиймээс дөрвөн бүлэгтэй цэцэрлэгүүдээ эмчийн орон тоотой болгож өгөөч ээ гэсэн саналыг бас хэлэх байна.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ