Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх боломжгүй


Гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлэн Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт ялаас чөлөөлүүлэх хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан. Гэвч түүнийг ялаас чөлөөлүүлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн прокурорын газраас мэдэгдлээ. Тодруулбал, өөрөө биеэ муутгасан ялтанг ялаас чөлөөлөх боломжгүй байдаг аж. Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд “Сүүлийн үед шүүхээр хорих ял шийтгүүлсэн тодорхой нэр нөлөө бүхий хүмүүсийг өвчний учир ялаас чөлөөлүүлэх гэсэн сонирхол их байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333 дугаар зүйл, ХЗДХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 313/316 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх асуудлыг журамласан. Ялтан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарах өвчнөөр өвчилсөн шинж мэдэгдвэл хорихын нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн нарийн мэргэжлийн шинжилгээ хийнэ. Жагсаалтад багтсан өвчнөөр өвдсөн гэж үзвэл эмнэлэг хөдөлмөр магадлалын дүгнэлт гаргаж, саналыг холбогдох материалын хамт прокурорт ирүүлнэ. Прокурор саналыг үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулдаг. Ингээд шинжээчийн дүгнэлтээр өвчний жагсаалтад хамаарна гэж үзвэл шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлдэг журамтай. Үүнээс гадна ял шийтгэл эдэлж буй ялтан санаатайгаар эрүүл мэнддээ хохирол учруулсан тохиолдолд өвчний учир ялаас чөлөөлөх журам нь хамаарахгүй гэж заасан. Ялтан өлсгөлөн зарласны улмаас эрүүл мэнд нь доройтсон бол ялаас чөлөөлөх журам үйлчлэхгүй” гэлээ.
Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хуурай өлсгөлөн зарласны улмаас архаг хордолтод орсон учраас ийнхүү ялаас чөлөөлөгдөх боломжгүй юм байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ