Их мөнгөтэй эрхмүүд бужигналдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн Өмнөд Азийн орнуудар айлчлаад эх орондоо ирлээ. Ерөнхийлөгч Мьянмар, Вьетнам, Сингапур улсад төрийн айлчлал хийж, Хонконгт Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцон илтгэл тавьсан юм. Ерөнхийлөгчийн араас Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон манай хоёрдугаар ээлжийн 211 цэрэг эх орондоо хөл тавилаа. Мотобуудлагын батольены энэ цэргүүд гуравдугаар сараас эхлэн есөн сарын хугацаанд алба хаахдаа НҮБ-ын харуул хамгаалалт, зам харилцаа, хүнсний тусламж хүргэх зэрэг ажиллагааг хариуцан хамгаалсан байна. Манай цэргүүд НҮБ-ын 2011 оны 267 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн энэ ажиллагаанд оролцож байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт улс төрийн амьдралд хамгийн их шуугиан тарьсан асуудал бол эрхэм гишүүн Ж.Батзандангийн өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг байлаа.
Төсөлд төрийн өндөр албан тушаалтан алба хаших хугацаандаа өөрийн болон гэр бүлийнхнийхээ нэр дээр оффшор данс нээлгэх, мөнгө хадгалах, уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд мөн хориглож байгаа юм. Харин гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа худалдан авах, гадаадын банкинд данс нээлгэх, харилцах данс нээлгэх, мөнгө хадгалуулах бол тухай бүрт нь АТГ-т мэдэгдэнэ. Түүнчлэн төрийн өндөр албан тушаал хаших хүн нь гадаад эхнэр, нөхөртэй бол албан тушаалд томилохын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлыг тавьж шийдвэрлүүлэх зэрэг хэд, хэдэн хориглох заалт тусгасан.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр унасан төслийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцүүлэх эсэх талаар санал хураахад 45 гишүүний 35 нь дэмжсэнээр дахин хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх байнгын хороонд буцаалаа. Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа нарын зарим гишүүн ихээхэн эсэргүүцсэн авч олонхийн саналаар ийнхүү дахин хэлэлцүүлэгт бэлтгэхээр болсон нь парламентын гадна олон нийтийн дэмжлэгийг ч ихээхэн хүлээв. Англи, АНУ, ОХУ зэрэг орон төрийн өндөр албан тушаалтнуудаа оффшорт данс нээлгэж, мөнгө хийхийг хэдийнэ хориглоод эхэлжээ.
Олны анхаарлыг татсан хоёр дахь үйл явдал бол УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймагт нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёрыг сонгогчдод мөнгө тараасан нь батлагдаж, оролцсон хүмүүс нь шийтгүүлсэн атал эгүүлэн татахгүй байгааг эсэргүүцсэн Увс аймгийн Тариалан сумын зарим иргэд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд өргөх бичиг гардууллаа. СЕХ-ны дарга асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдэв. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийг боловсруулсан эрхэм гишүүн Р.Бурмаагаас тодоруулахад, Дээд шүүхээс нэр дэвшигчдийг буруутай эсэхийг тогтоовол тэдний мандатыг хүчингүй болгох хуулийн заалт Сонгуулийн хуульд байгаа. Буруутайг нотлох хамгийн том баталгаа бол мөнгө тараахыг завдсан талаарх мэдээлэл өгсөн иргэд. Энэ иргэдийн мөнгийг СЕХ 10 дахин нугалж, буцаан олгосон байгаа. СЕХ улсын мөнгөнөөс эдгээр иргэдэд өгсөн учраас мөнгө тараасан нэр дэвшигчдээс энэ мөнгийг төлүүлж, улсыг хохиролгүй болгох ёстой. Дээд шүүхээс тэдний мандатыг хүчингүй болгож, дараагийн нэр дэвшигчид 28 хувиас дээш санал авсан бол шууд мандат олгох эрхийг нь СЕХ-нд олгочихсон гэв.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн үйлчилгээг сайжруулахаар хийж ажлынхаа талаар мэдээлэв. Тухайлбал, Улаанбаатар хотод 17 ТҮЦ машин суурилуулснаар өнгөрсөн таван сарын хугацаанд 54496 иргэн үйлчлүүлжээ. Өдөрт 500 иргэн үйлчлүүлдэг байсан бол одоо 1000 орчим иргэн үйлчлүүлдэг болжээ. Ийм үйлчилгээ нэвтэрснээр ТҮЦ машинд есөн сая төгрөг цуглажээ. Түүнчлэн Засгийн газраас zasag.mn вэб сайт нээж ажиллуулснаар бүх яам, агентлагийн ажилтай танилцаж, 21 аймаг, нийслэлийн вэб сайтуудын мэдээллийг ч орж үзэх боломжтой болжээ. Мөн онлайн уулзалтыг санаачилснаар Ерөнхий сайдын хувьд заавал аймагт бүрт очиж ажиллах шаардлагагүй болж, өдөр товлоод аймгийн Засаг дарга, холбогдох хүмүүстэй шууд ярилцан, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авч, цаг, дардал хэмнэж эхэлсэн байна.
Жил болгон олон тэрбум төгрөг зарцуулдаг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлэх хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-д танилцууллаа. Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн энэ төсөл батлагдвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн харьяанд байсан энэ хороо Ерөнхий сайдын мэдэлд шилжих юм.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг дахин боловсруулснаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Үүнд хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээс гадна Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газраас санаачлан боловсруулах гэсэн гурван хэсэгт ангилан боловсруулжээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Төсөлд байнгын хороодын даргыг нэг бус хоёр жилээр сонгодог байхаар тусгажээ. УИХ-ын гишүүн Су.Батболдын санаачилсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталснаар монголчууд шиний гуравны өдөр амрах буюу цагаан сараар нийтдээ гурав хоног амрахаар боллоо.
УИХ-ын даргын захирамжаар Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн гээд сонгуулийн хуулиудыг нэгтгэж, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тэд төслөө ирэх оны нэгдүгээр сард багтаан УИХ-д өргөн барьж батлуулснаар 2016 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Төсөлд санал хураалтыг автомат машинаар явуулж, нэр дэвшигчдээс гарах зардал буюу тараах материал танилцуулгуудыг нэгтгэн нэгдсэн эмхэтгэлийг улсын төсвөөс хэвлэж, хэсгийн хороодод тараах талаар тусгах юм байна. Нэр дэвшигчдийн энэ зардлыг төрөөс гаргаснаар иргэдийн нэр дэвшигчдийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарах зардал дээр МҮОНРТ-ээр дамжуулан улс төрийн намуудад сурталчилгаа хийх цаг гаргах, сонгуулийн сурталчилгааг гэрлийн шонгуудад үнэгүй байрлуулах, хуулийн этгээд буюу компани, аж ахуй нэгжээс санхүүжилт авахыг зогсоох ажээ. Хуулийн этгээдээс санхүүжилт авснаар хараат байдал үүсэх учраас иргэдээс тодорхой хэмжээтэйгээр хандив авахаар хуульчлах гэнэ.
Дэлхийн банкны Итгэлцлийн сангийн 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн 15 сумдын мал аж ахуйд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж, малчдыг зах зээлтэй холбох, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулахаар болов.
Зүүн хойд Азийн /Монгол, Орос, Хятад, Япон, хоёр Солонгос/ парламентын гишүүн эмэгтэйчүүд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо чуулж, боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэв. Монгол Улсын хувьд 2012-2013 онд нийт хүн амын 51,7, хөдөлмөрийн насны хүн амны 50,4 хувийгэмэгтэйчүүд эзэлдэг. Мөн хугацаанд дээд боловсрол эзэмшигчдийн 64 орчим, магистр, докторын66 орчим хувь нь нь эмэгтэйчүүд байна. Манай улсын боловсролын салбарт ажиллагсдын 71,3, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ажээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ