Ч.Батсайхан: Эзэнгүй хэрэг болохоос айж, дүүд минь тулгачихлаа

{!!!left!!!}АНУ-ын иргэн Жон Мартин Кийний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуулын ах Ч.Батсайхантай ярилцлаа. Түүнийг УМБГ-аас уг хэрэгт оролцоотой байж болзошгүй хэмээн 14 хоног саатуулсан ч нотлогдоогүй хэмээн суллаж байсан юм.
-Хэрэг гарсныг анх хэзээ, яаж мэдэв?
-Энэ хэрэг 2012 оны нэгдүгээр сард гарсан. 2011 оны арванхоёрдугаар сарын дундуур миний дүү Ч.Баттуул намайг уулзая гэж дуудсан юм. Тэгээд “АНУ-аас нэг найзыгаа Тайванаас хоёр найзыгаа буюу гурван Америк хүн ирэхээр болсон. Тэднийг ирэхээр Улаанбаатарт байрлуулна, мөн машин тэрэг, буу хэрэгтэй байна. Тэд ан сонирхохоор ирж байгаа. Бууны мөнгө төгрөгийг тэд явуулж байгаа. Түүнээс нь зохицуулаад авчихна. Бууг хүний нэр дээр авах ёстой байна” гэж хэлсэн. Тиймээс дүүдээ туслаж, нэгдүгээр сард би өөрийнхөө нэр дээр буу худалдаж авсан юм. Мөн өөрийнхөө “Марк-2” машиныг түр хэрэглүүлсэн. Гэхдээ гурван Америк ирээгүй. Ганцхан Жон Мартин Кийн л ирсэн. Удалгүй явлаа гэж дуулдаж байв. Гэтэл гуравдугаар сарын дундуур намайг ажлаа тараад гэрлүүгээ харьж явтал машинтай нөхдүүд замын хажууд шахаж зогссон. Тэгээд Эрүүгийн цагдаагийн газарт аваачаад, Жон Мартин Кийний зургийг үзүүлээд энэ хүнийг таних уу гэж асуусан юм. Би ч өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд асуудлыг ярьж өгөөд, тэр хүмүүсийг Ч.Баттуулын байгаа газарт аваачиж, уулзуулав. Гэтэл бид хоёрыг тэр шөнө Эрүүгийн цагдаагийн газарт байцааж хонуулж, маргааш нь Ч.Баттуулыг хориод намайг хэрэг гарвал дуудъя гээд явуулсан байдаг. Явуулснаас хойш хоёр, гурван хоногийн дараа УМБГ-аас дуудаж, энэ хэрэгт хэд хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцаахаар боллоо. Таныг хамгийн түрүүнд хорьж, мухарлаж шалгахаар болсноо дуулгасан юм. Улмаар намайг 14 хоног хорьж, байцаалт явуулж, мөрдөн байцаалтын явцад холбогдолгүй болох нь тогтоогдлоо гээд сулласан.
-Энэ хэрэгт ямар сэжмээр холбогдож, ийнхүү хоригдсон юм бол?
-Бууны асуудлаас болж сэжигтнээр татагдаж, хоригдсон. Бусдаар бол энэ хэрэг юунаас болж гарав, хэзээ гарсан, юу болсон талаар би өөрөө ч мэдээгүй. Суллагдсаныхаа дараа л энэ тухай, ийм хэрэг болж, дүү маань холбогдсоныг мэдэж байв.
-Та бууг худалдаж авч өгсөн үү, өөрт тань байсан уу?
-Би буу, шийдэм өөрийнхөө нэр дээр байлгаж үзээгүй. “Буу хэрэгтэй байна. Ан сонирхож байгаа” гэхээр нь л буу худалдаж авч өгсөн. Мэдээж бууг ёс журмынх нь дагуу Нийслэлийн цагдаагийн газраар дамжуулж, бичиг баримт энтрээ гаргаж, өөрийнхөө нэр дээр авсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ч.Баттуул тэр Америк нөхрийг авчраад л буудаад алчихсан. Эртнээс төлөвлөж надаар буу, шийдэм авахуулсан мэт бичих юм. Үнэндээ буудсан эсэх нь одоо хүртэл тогтоогдоогүй шүү дээ.
-Шүүх бүрэлдэхүүн буудсан гээд шийдвэрээ гаргасан байдаг?
-Хавтаст хэрэгт 7-8 удаа буудсан гэж байдаг. Гэтэл 7-8 буудах нь битгий хэл хэргийн газраас нэг ширхэг ч бууны хонгио гараагүй. Бууг шинжилгээний хүрээлэнд аваачиж шинжлүүлэхэд бууны амнаас нэг ширхэг сум гарсан байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Буу авч байсан хүмүүс мэдэх байх. Буу авахдаа буудаж үзээд тэгээд хонгиогоо үлдээгээд авдаг. Тэгэхээр энэ бууны амнаас гарсан сум буу авахад гаргасан л сум байгаа юм. Энэ нь юуг харуулж байна гэхээр хэрэг буугаар үйлдэгдээгүй байх үндэслэлтэй гэсэн үг.
-Шүүх хурал дээр энэ асуудлыг юу гэж ярьж байх юм?
-Шүүх бүрэлдэхүүн “Ч.Баттуул ингэж, тэгэж буудсан юм шиг байгаа юм. Тэдэн удаа буудсан юм шиг байна” гэж ярьдаг. Уг нь бол шүүх чинь “Ч.Баттуул ингэж буудсан. Тэдэн удаа буудсан байна” гээд баримт, нотолгоотой ярьж, шүүх ёстой биз дээ. Ядаж л Ч.Баттуулыг буу эзэмшиж сурсан эсэхийг батлах ёстой. Би хүртэл өнөөдөр буу барьж үзээгүй, хэрэглэж үзээгүй. Гэтэл 24-хөн настай эмэгтэй /хэрэг гарах үед Ч.Баттуул 24 настай байв/ хүүхэд ангийн буу бариад хүн буудаад явна гэхээр үнэхээр итгэмээргүй.
-Машины хаалгыг мөн давхар буудсан гэдэг?
-Машины хаалгыг буудсан гэдэг. Дотроос нь буудаад сум нэвт гараад явсан гээд байгаа. Тэгэхээр тэрийг яаж буудах уу. Машин дотор хоёр хүн сууж байгаад хажуудах хүнээ ангийн буугаар яаж буудах вэ. Гар буугаар бол болох байх. Ангийн буугаар буудна гэдэг боломжгүй. Тэгээд хэргийн дараа тэр буудуулсан гээд байгаа хаалга нь алга болсон. Тэр хаалгыг олж тогтоосон зүйл байхгүй. Мөрдөн байцаагч нар нь бид тэр хаалгыг хаанаас олох вэ гэсэн зүйл яриад сууж байна. Хэрвээ тэр хаалгыг олвол ямар буугаар буудсан гэдгийг тогтоох боломжтой. Ер нь хуулийнхан шалгаж тогтоож дийлэх юм уу гайхаад байна. Хаалгаа ч олж тогтоож чадаагүй байж, дүүг минь хэрэг хийсэн гээд 23 жилийн ял оноочихлоо.
-Энэ хэрэг хоёр жилийн турш шалгагдаж байна. Тэгэхээр энэ хугацаанд энэ бүх зүйлийг дахин шалгуулж болоогүй юу?
-Шалгана гэж хоёр, гурван ч удаа мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч хийж байгаа юм алга.
-Ч.Баттуулыг Жон Мартин Кийнийг шунахайн сэдлээр хөнөөсөн гэж шүүхээс ял оноосон. Гэтэл давхар хар тамхины асуудал яригдаад байна?
-Тэрийг би ойлгохгүй байна. Шунахайн сэдэл гэхээр арван тэрбум төгрөгний асуудалд яригдаад байна уу, 10 мянган долларын асуудал яригдаад байна уу. Жон Мартин Кийний авчирсан 10 мянган долларт шунасан гэх юм. Өнөөдөр 10 мянган доллараар үйлдвэрээсээ гараад арван жил явсан машин ч олж унаж чадахгүй мөнгө шүү дээ. Тэр хар тамхины тухайд хуулийнхан мухарлаж шалгахгүй байна. Үүний цаана их мөнгөний асуудалд яригдаад байна уу, хар тамхийг эрх мэдэлтэй, нөлөө бүхий мөнгөтэй хүмүүс хэрэглэдэг болохоор айгаад байна уу. Яагаад шалгаж өгөхгүй байгааг нь ойлгохгүй байна.
-Гаалийн хяналт чанга. Жон Мартин Кийн хар тамхитай хилээр нэвтрэх боломжгүй шүү дээ?
-Би Орос, Хятад, Солонгос зэрэг орноор явж байлаа. Тэгээд зорчигчдоос хамгийн түрүүнд буугаад цүнхээ үүрээд гаалийн хилээр орж ирэхэд “Та оюутан уу” гээд шууд л оруулдаг. Тэгэхээр Жон Мартин Кийнийг ороод ирэхэд та хар тамхитай явж байна уу гэж шалгасан гэдгийг ойлгохгүй байна.
-Хар тамхиа борлуулахаар Цонжинболдог явж, замаасаа хэд хэдэн хүнтэй уулзсан гэдэг. Тэгэхээр Жон Мартин Кийнийг хар тамхитай ирж байсныг Ч.Баттуул анхнаасаа мэдэж байсан хэрэг үү?
-Тэрийг би сайн мэдэхгүй. Дүү минь ан сонирхож ирж байгаа л гэж бодсон байх. Гэтэл нөгөөх нь хар тамхитай ирсэн юм шиг байна лээ. Жон Мартин Кийн хар тамхиа зарж борлуулах гэж л ирсэн байх. Хэрэг гарахын өмнөх шөнө буюу нэгдүгээр сарын 5-нд ирсэн өдрийнхөө орой гэсэн үг шүү дээ. Найрамдал зуслангийн тийшээ Орбитын зам руу хар тамхиа хүнд үзүүлэхээр дээжийг нь авч явсан гэдэг. Энэ нь Таван шарын Замын цагдаагийн постын камерт бичигдсэн үлдсэн. Тэгээд үүрээр 04.00 цагийн үед буцаад гарсан бичлэг нь ч байгаа. Үнэ тохирч чадаагүйгээс буцсан юм шиг байна лээ. Тэгээд дахин өөр хүмүүстэй уулзахаар Налайх явсан гэсэн. Ч.Баттуулын ярьж байгаагаар Налайхын тэнд хоёр хүнтэй уулзсан байгаа юм. Харин хар тамхийг үзэх хүмүүс нь Багануураас ирж явсан учраас өөдөөс нь тосож Цонжинболдогт уулзсан юм билээ. Хэдийгээр уулзалдсан боловч үнэ тохирохгүй маргалдсан юм шиг байна лээ.
-Тэгээд үнэ тохироогүй учраас л Жон Мартин Кийнийг амь насыг хөнөөсөн гэж үзэж байна уу?
-Нөгөө хүмүүс нь Ч.Баттуулын хажууд энэ Америк эрийг жаахан айлгаж байгаад хямдхан авчиж болох байх гэж ярьсан гэдэг. Тэгээд Ч.Баттуул дээр ирээд “Бидний хэрэглэдэг хар тамхи бол жинхэнэ ориг, сайн чанарынх. Харин энэ нөхөр чинь хачин юм авчирчихаад зарах гээд байна. Бидний хэрэглэдэг хар тамхи бол” гээд хар тамхи гаргаж ирээд дүүд минь хүчээр хэрэглүүлсэн байгаа юм. Тэгээд ухаан балартаад өглөө Налайхт сэрсэн гэсэн. Сэрэхэд нь л “За хүн амины хэрэг гарсан. Нөгөө хүн чинь амиа алдсан. Энэ бүх хэргийг чи үүрнэ. Чи авчирсан уу. Авчирсан. Буу ахын чинь нэр дээр байгаа. Тэгэхээр энэ хэрэгт ах чинь хүртэл холбогдоно. Цагдааг хэлбэл гэр бүлийг чинь мэдэж байгаа учраас эрсдэлд орно шүү” гэж заналхийлсэн байгаа юм. Тэгээд л дүү маань айсандаа шууд л “Би буудаж алсан” гээд гүрийчихсэн байдаг. Дараа нь бид олон хоногийн дараа уулзаад “Чи ингэж гүрийж болохгүй ээ. Энэ чинь хүн амины хэрэг. Бүх үнэнээ хэл” гэхэд “Би айж байна. Үнэндээ ийм зүйл болсон. Гэхдээ хэргийг би л хүлээхгүй бол та нарын амь насыг заналхийлээд байна” гэж хэлсэн. Тэгээд өмгөөлөгч аваад өмгөөлөгчтэйгээ уулзаж, хууль зүйн туслалцаа авсны дараа “Үнэнийг олно” гээд бүх зүйлээ үнэнээр нь ярьж эхэлсэн байдаг.
-Тэгэхээр хар тамхийг худалдаж авахаар уулзсан гээд байгаа хүмүүсийг шалгуулж үзэв үү?
-Шалгуулсан. Гэхдээ хуулийнхан олигтой шалгаж өгөхгүй байна. Хэрэг шүүхээс хоёр дахь удаагаа мөрдөн байцаалтад буцах үед шүүх бүрэлдэхүүн мөрдөн байцаагчдад чиглэл үүрэг өгсөн. Ингэхдээ “Тэр хар тамхи худалдаж авахаар ирсэн нөхдийг шалга. Өмнө нь хар тамхи хэрэглэж байсан эсэхийг олж тогтоо” гэсэн байдаг. Гэтэл нөгөө байцаагч нар нь шалгаж байгаа ч гэж дээ. Хорооны дарга, хөрш айл, хамаатан садан, найз нөхөд, орцны жижүүрээс нь “Энэ хүн хар тамхи хэрэглэдэг үү. Хэрэглэж байсан уу” гэж асуугаад явсан байгаа юм. Мөрдөн байцаалтыг ингэж явуулдаг мөрдөн байцаагч байх уу. Өөр асууж шалгаж, тогтоох өчнөөн л арга баймаар юм. Мөн “Цусны шинжилгээ авч, хар тамхи илрэх үү үз” гэтэл шээсний шинжилгээ авчихсан байдаг. 25-хан настай охины амьдралыг шийдэх гэж байж ийм хариуцлагагүй ажиллалаа. Машины асуудалд ч гэсэн.
-Машины асуудал гэдэг нь. Таны машиныг хэрэглэж байсан биз дээ?
-Тиймээ. Хэрэгт хамгийн сүүлд Н.Баттулга гэж байцаагч байсан. Тэр бол үнэхээр чадваргүй. Хэрэг гарах үед Ч.Баттуул миний машиныг хэрэглэж байсан. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад миний машиныг шалгаад холбогдохгүй болохыг тогтоосон. Тиймээс хурааж, битүүмжлээгүй учир би машинаа зараад өөр машин авсан юм. Гэтэл нөгөө Н.Баттулга чинь нэг өдөр дуудаад машинаа хаашаа зарсан гээд байцаалт авч эхлэв. Би ч “82-28 УНК гэдэг дугаартай байхад нь би Эрдэнэтийн паспорттой хүнд зарсан. Тэр хүн аваад 3774 бил үү 7437 билүү ОРО гэсэн дугаартай болгоод унаад явж байгаа” гэдгээ мэдүүлсэн. Гэтэл Н.Баттулга байцаагч шалгаад тэр машиныг олохгүй байгаа юм. Тэгээд “Ийм дугаартай машин Монголд алга чи хаашаа аваачаад хийчихэв” гэж ярьж эхэлсэн. Автотээврийн газарт ч бүртгэлтэй байгаа машиныг алга болчихлоо гээд над руу дайраад байгаа юм. Тэгээд дараа нь би хөдөө явж байгаад өөрийнхөө тэр зарсан машинтай таараад нөгөө байцаагчид хэлснээр машиныг олж байгаа юм. Ганц машин олж чадахгүй байгаа хүмүүс яаж хүн амины хэрэг илрүүлэх вэ дээ.
-Ч.Баттуул Жон Мартин Кийнийг авчрахдаа “Шүрэн гүүр” гэх зочид буудалд ажиллуулая гэж авчирсан гэдэг. Мөн түүнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэх?
-“Шүрэн гүүр”-ийн асуудлыг би сайн мэдэхгүй. Тэр хүн анхнаасаа л хар тамхи борлуулах зорилготой ирсэн. Хайр сэтгэлийн тухайд ямар юмны хайр сэтгэлийн холбоо байх вэ дээ. Жон Мартин Кийнийг ирсэн өдөр тэд хороололд байрлах зочид буудалд байрласан байгаа юм. Хэрвээ хайр сэтгэлийн холбоотой байсан бол нэг нь гадаадаас ирж байхад юу гэж хоёр тусдаа өрөөнд орох вэ дээ. 35000 төгрөгний үнэтэй хоёр тусдаа өрөөнд хоносон гэсэн. Үүнийг буудлын ресепшн ч батлаж мэдүүлэг өгсөн байгаа.
-Мөн уг хэрэгт Ч.Баттуулын найз залуу Н.Нямсүрэнг нэг хэсэг саатуулсан байх?
-Н.Нямсүрэнг ч мөн уг хэрэгт сэжигтнээр татаж, саатуулаад холбогдолгүй гээд сулласан.
-Н.Нямсүрэнтэй хэр удаан үерхсэн бэ?
-Бараг гурав, дөрвөн жил үерхсэн. Сургуулиа төгсөж, ирээд л хуримаа хийнэ гэж ярьдаг байсан юм.
-Ер нь та Жон Мартин Кийн гэгчтэй уулзаж байсан уу?
-Тэр Америк эр 2012 оны нэгдүгээр сарын 5-нд ирсэн. Би ирсэн өдрийнх нь маргааш Төмөр замын Удирдах газрын тэнд “Улаан бух” гэдэг газар уулзаж танилцаж байв. Хамт хоолонд ороод түүнээс хойш уулзаагүй.
-Өмнө нь энэ хүний тухай ярьж байсан уу?
-Энэ хүний талаар надад огт ярьж байгаагүй.
-Ер нь Тайваньд сурч байхад нь дүүтэйгээ хэр холбоотой байв. Ийм хүнтэй нөхөрлөж байгааг нь мэдсэн үү?
-Байнга л утсаар ярьдаг байсан. Нэг удаа эгч рүү ярихдаа “Миний бие их тааруу байна. Ядраад толгой өвдөөд байна. Тэгээд багш /Жон Мартин Кийн/ нэг эм өгсөн. Тэр эмийг нь уучихсан бүр салгалж, чичрээд ухаан орж гараад байна” гэж хэлсэн байдаг. Маргааш нь надруу мессеж бичиж байсан. Тэгээд би нөгөөдөр нь утсаар яриад “Эм тан авах уу. Биеэ сайн бодоорой” гэж захисан. Тэгсэн хэсэг хугацааны дараа гайгүй болсон гэж ярьж байсан юм.
-Тэгэхээр ер нь дүү тань хар тамхийг борлуулахаар Цонжинболдог орсон тэр хар тамхи худалдаж авдаг байсан хүмүүстэй холбоотой байсан гэсэн үг үү. Ер нь ямар хүмүүстэй нөхөрлөж байгааг нь мэдэж байсан уу?
-Миний дүү ер нь их хөдөлгөөнтэй, сэргэлэн талдаа охин. Найз нөхдийнх нь хүрээнд л нэг тиймэрхүү нөхөд байсан юм шиг байна. Бид байнга цуг байгаад байдаггүй болохоор найз нөхдийг нь сайн мэдэхгүй. Одоо энэ хэрэгт холбоотой гээд байгаа хоёр нөхөртэй найзалдаг байсныг нь сонсож байсан болохоос мэдэхгүй.
-Ч.Баттуул шилдэг сурагч байсан гэсэн?
-Миний дүү чинь их цагаахан, сэргэлэн. 10 жилийн сургуулиа алтан медальтай. 16 билүү 17 настайдаа төгссөн. Тэгээд ШУТИС-д орсон. Мөн хажуугаар нь ЭМШУИС-ийн эм зүйчийн ангийг төггссөн. Тэгээд ШУТИС-ийн шилдэг оюутнаар шалгарч, оюутан солилцоогоор жил гаруй Тайваньд сурч байсан.
-Ч.Баттуул олон удаа мэдүүлгээсээ буцсанаас болж, хуулийнхан хэргийг олонтаа шалгасан байдаг?
-Хамгийн гол нь хуулийнхан нөгөө талыг мухарлаж шалгахгүй байна. Энэ хэрэг эзэнгүй хэрэг болох вий гэдгээс айж, дүүд минь тулгачихлаа. Нэг хүн бариад авлаа түүндээ л тулгая гээд зүтгээд байна. Мухарлаад шалгавал жинхэнэ эзэн нь олдоно. Эргэлзээд байгаа мөртлөө шалгахгүй байна. Хэвлэлээр янз бүрийн л зүйл ярьдаг. Гэхдээ УМБГ үнэн зөвийг олж тогтоох байх гээд өнөөдрийг хүртэл дуугүй явсан. Гэтэл шүүхээс хоёр гурван ч удаа буцаагаад эцэстээ дүүд маань 23 жилийн ял оноочихлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хаанаас, ямар эх сурвалжаас мэдээллээ олдог юм бүү мэд. Янз бүрийн ташаа мэдээлэл гаргах юм. Сэтгүүлч хүн үнэн бодит мэдээллийг ард түмэнд хүргэх ёстой байдаг. Гэтэл заримдаа дүүгийн минь талаар бичиж байгаа мэдээлэл арай л хэтэрхий.
-Мэдээж та буу авч өгсөндөө өөрийгөө буруутгадаг байх?
-Буруутгах ч юу байхав. Хүний амьралд байдаг л асуудал. Дүү нь тусламж гуйлаа ах нь тусласан. Хэрвээ үнэхээр буугаар хэрэг үйлдэгдсэн байвал би өөрийгөө үнэндээ зүхмээр байна. Даанч үгүй шүү дээ. Хэрвээ дүү маань үнэхээр алая гэж бодож байсан бол заавал ангийн буугаар буудаж хөнөөх шаардлага байхгүй. ЭМШУИС-ийг эм зүйчээр төгссөн хүн. Цэвэр ус юм уу, архинд эм хийгээд найруулаад хөнөөчихөөр хангалттай мэдлэг байгаа. Тэр том ангийн буугаар хөдөө аваачаад хөнөөх үү.
-Тэгэхээр та хуулийнхныг хэт нэг талыг барьж байна гэж үзэж байгаа юм байна. Мөрдөн байцаагч прокурорыг нь солих хүсэлт гаргаж байв уу?
-Хүсэлт тавьсан ч сольж өгөхгүй байна. Аав маань дөрвөн ч удаа прокурор байцаагчийг нь сольж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Эрүүдэн шүүх юм байхгүй л гэж яриад байна. Ганц худагт бол жинхэнэ утгаараа байгаа шүү дээ. Хүнийг хориход шүүхээс 14 хоногийн тогтоолтой хорьдог юм байна. Намайг 14 хоног хорих тогтоолын дор гар бичмэлээр байцаагч нь “Энэ хүн онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон тул зохих өрөөнд нь хийж, шалгаж туслалцаа үзүүлнэ үү” гэсэн байдаг. Тэгээд намайг бүх насаараа шоронгоор явсан атамантай нэг өрөөнд оруулж дарамталж байсан. Гэхдээ үнэн гэж байна. Ямар ч байсан миний холбогдолгүй нотлогдож, суллагдсан. Харин хорих ангийн дарамт Ч.Баттуулд дээд цэгтээ хүрсэн байгаа. Дүүргийн цагдаа дээр ч очиж үзээгүй дүүд минь олон жил шоронгоор явсан хүмүүст хэрэглэдэг аргаа хэрэглээд байна гэхээр үнэхээр өрөвдөж байна. Дүүд маань үнэхээр хэцүү байна.
-Хүний Эрхийн үндэсний комист хандаж үзсэн үү. Ер нь цаашид хаана хандая гэж бодож байна?
-ХЭҮК-оос тоймтой хариу өгдөггүй. Манай хуулийнхан ер нь их сонин юм. Х.Тэмүүжин сайд хэрэг тулгаж, таслах зүйлийг цогцоор нь шийднэ гэсэн ч миний дүүд хэрэг тулгаж хүлээлгэчихээд байна. Юу ч гэсэн гурван шатны шүүхийн шийдвэр гараг. Хүчээр хэрэг тулгаж, ял өөрчилж байгааг л зогсоомоор байна. Бүр болохгүй бол Олон улсад хандана. Боломжтой бүх газарт хандана.
Ярилцсанд баярлалаа.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ