Ц.Оюунбаатарын эсрэг гомдол гаргаснаас болж ажлаасаа халагджээ


Баянзүрх, Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан иргэн Н.Энхээ Татварын байгууллагын хууль бус томилгоо, Үндсэн хуулийн Цэц болон дээд шүүхийн хууль бус шийдвэрийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Түүнийг одоогоос гурван жилийн өмнө Баянзүрх дүүргийн татварын газар хэлтсийн даргын алба хашиж байх хугацаанд “Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, ёс зүйн ноцтой зөрчил дахин давтан гаргаж, улмаар ажил хаян Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл,заалтыг зөрчсөн” гэдэг үндэслэлээр ажлаас нь халж Чингэлтэй дүүргийн шүүхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна.
Тэрээр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар найман жил ажиллаж байжээ. Мөн Налайхад ажиллаж байгаад 2010 онд халагдсан байна.
Түүний хэлж буйгаар Татварын ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Оюунбаатарыг татварын улсын байцаагчийн эрхгүй, хөдөлмөрийн хууль зөрчиж татварын газрын зарим ажилтныг ажлаас халсан хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. Мөн дараа Үндсэн хуулийн Цэцэд Ц.Оюунбаатарыг даргаар томилсон шийдвэрийг хууль бус гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасанаас гурван хоногийн дараа ийнхүү ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэнэ.
Тэрээр "Ц.Оюунбаатар бол татварын олон булхайг мэддэг байсан.Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг 2009 оны зургаадугаар сард “Кёкүшюзан хөгжил сан”-гийн 790 сая төгрөгийн татварын өрийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хууль бусаар үйлдүүлж, цуцалсан асуудлыг баримт, нотолгоотой нь мэднэ. Тодруулбал, гурван шатны шүүхийн шийдвэртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудастай, татварын өршөөлийн хуулинд хамрагдах ямар ч боломжгүй өрийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэр гаргуулаад цуцалсан.Би энэ асуудлын араас гурван жил явж байна. Ингээд бодохоор Татварын байгууллагын хууль бус томилгоогоор томилогдсон эрхэм Үндсэн хуулийн Цэц болон шат шатны шүүхийг өөртөө урвуулж, хуулийг хүчгүйдүүлж байна.Хэрвээ энэ асуудлыг нь шийдэж өгөхгүй бол өлсгөлөн, суулт зарлана" гэсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ