Ирэх онд 17 цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барина

Ирэх оны нийслэлийн төсөвт төвлөрөх төсвийн орлогын төлөвлөгөөг 556,9 тэрбум төгрөг байхаар НИТХ-аас баталлаа. Энэ нь 2013 оны төсвөөс 108.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийслэлийн төсвийн орлогын талаас илүүг нь Хувь хүний орлогын албан татвараар, дөрвөн төгрөг тутмын нэгийг нэр төрлийн татварын орлогоор бүрдүүлэхээр болжээ. Харин үлдсэн хэсгийг татварын бус орлого болон хөрөнгийн орлого буюу өмч хувьчлалаас бүрдүүлэхээр тооцжээ. Налайх дүүрэг 778,5 сая, Багануур дүүрэг 1,04 тэрбум, Багахангай дүүрэгт 139,4 сая, Сонгинохайрхан дүүрэгт 6,5 тэрбум, Баянгол дүүрэгт 12,9 тэрбум, Чингэлтэй дүүрэг 17,2 тэрбум, Сүхбаатар дүүрэгт 219,1 тэрбум, Хан-Уул дүүрэгт 181,7 тэрбум, Баянзүрх дүүрэгт 175,1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Энэ жил "Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлгийг зохион байгуулж нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс санал авсан. Тус хэлэлцүүлгээр иргэд цэцэрлэг барих, хороо бүрт гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, камержуулалт, утасгүй интернетийн орчинг бүрдүүлж өгөхийг хүссэн. Тэгвэл ирэх оны төсөвт эдгээр саналыг шийдвэрлэхээр цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор, он дамжин 36 сургууль, 37 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар хөрөнгө суулгалаа. Мөн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд таван тэрбум, бичил зээлийн санд 15,2 тэрбум гээд нийт 20,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Мөн түргэн тусламжийн 20 машин худалдан авахад нэг бүрийн үнийг 85 сая төгрөгөөр тооцож 1,7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин ирэх оны төсвөөс 11,8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хассан хэмээн Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ