Т.Ариунаа 2,5 саяар дуулах бол “Хурд” 8-10 саяар дуулна


Шинэ жилийн уур амьсгал хэдийн оржээ. Зарим албан байгууллага шинэ жилээ тэмдэглээд эхэлсэн байна. Харин урлаг соёлынхны хувьд шинэ жилийн баяр бол ажлын оргил байдаг. Энд тэндхийн хүлээн авалт, захиалгад дарагдсан тэд жил ирэх тусам “халтуур”-ынхаа үнэ ханшийг нэмдэг. Гэтэл энэ жилурлаг соёлынхны ханш буурсан байна.
Тухайлбал, өнгөрсөн онд МУГЖ Т.Ариунаа нэг дуугаа таван сая, гурван дуугаа есөн саяар дуулна гэж байсан бол энэ жил нэг дуугаа 2,5 саяар дуулахаар болжээ. Мөн МУГЖ Б.Сарантуяа, “Харанга”-ын Б.Лхагвасүрэн, Д.Жаргалсайхан, Д.Болд нар мөн л нэг дуугаа 2,5 саяар үнэлсэн байна. Харин С.Наран, Номинталст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар нэг дуугаа 2 саяар дуулах аж. “Universe best songs”-ын дуучдын хувьд 400 мянгаар дуулна.
Хамтлагийн хувьд “Хурд” хамтлагийн хувьд дуугаар нь бус минутаар үнэлгээ гаргасан байна. Тэдний хувьд 30-40 минутыг 8-10 саяар тоглох аж. Sweetymotion, Kiwi, 3 охин хамтлагууд нэг дуугаар 2,5 саяар дуулна. Voice group, Motive. Anemone, Extacy хамтлагууд нэг дуугаа 1,7 саяар дуулах аж.
Зохиолын дуучдын ханшийг Р.Дэлгэрмаа, Хишигбаяр нар 1,5 саяар тэргүүлж байна. Түүний араас Г.Эрдэнэтунгалаг, Л.Болдбаатар нар 1,2 саяар дуулахаар болсон байна. Харин МУГЖ С.Батсүх, А.Долгор, Х.Болормаа, Д.Энхзул нар нэг дуугаа 800 мянгаар дуулна.
Харин хөтлөгчийн хувьд 2 саяас 400 мянгын хооронд байна. Өвлийн охин цасан охидын хувьд 1,2 саяас эхэлж байна.
Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ