Хоёр хүний аминд хүрсэн этгээдийн цогцос олджээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд энэ сарын 1-нд хүн амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал ШШГЕГ-ын алба хаагч болон төлбөр нэхэгч талын хүнийг буудан хороож, нэг хүнийг шархдуулсан ноцтой хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл эх сурвалжийн өгүүлж буйгаар өчигдөр 14 цагийн үед сэжигтэн Б.Эрдэнэсүхийн цогцсыг Мөнххаан сумаас 10 км-ын зайд орших Баян тэрмэн уулаас олжээ. Цагдаа нар түүнийг урьдчилсан байдлаар амиа хорлосон гэж үзэж байгаа юм байна.

Б.Эрдэнсүх 1988 оны нэгдүгээр сарын 11-нд төрсөн, 25 настай. Халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг нэгэн байжээ. Тэрбээр эхнэр, хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж өнгөрсөн зунаас тусдаа амьдарч эхэлсэн аж. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар тэрбээр эхнэрээ гэрийн хорионд байлгаж байнга зоддог байсан гэнэ. Тиймдээ ч нөхрийнхөө балмад үйлдлийг тэвчилгүй Д.Отгонзаяа хүүхдээ аван түүнээс салсан байна. Ингэхдээ хүүхдийн тэтгэмж болох тодорхой хэмжээний хөрөнгийг салгаж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан нь ийнхүү эмгэнэлт хэргийг үйлдэхэд хүргэжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ