Увсын хоёрыг эргүүлэн татах хүртэл Улаанбаатараас явахгүй гэв

Увс аймгийн Тариалан сумын иргэд өчигдөр ҮАБЗ-ийг бүрдүүлдэг төрийн гурван өндөрлөгийг сонгуулийн хууль хэрэгжүүлэх, СЕХ-г хуулийн дагуу ажлаа хийхэд нь анхаарч, зөвлөмж гаргахыг хүссэн шаардлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн билээ. Харин ҮАБЗ-ийн дэд дарга Б.Дашцэрэн тэдний хүсэлтийг хүлээн авахдаа, “Увсын сонгуулийн маргаан олон сар даамжирч байгааг мэдэж байгаа. Та бүхний хүсэлтийг хүлээн авлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлдэг хүмүүст та бүхний хүсэлтийг танилцуулна. Хуулийн дагуу хариу өгье” гэсэн.
Тэд өнгөрсөн баасан гаригт “МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мөнгө тараасныг илчилж, хуулийн дагуу тус бүр нэг сая төгрөг авсан. Гэтэл мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдчихоод байхад дээрх хоёр гишүүний мандатыг хүчингүй болгохгүй байгаа нь иргэдийг нэг сая төгрөгний төлөө хүн гүтгэсэн болж харагдуулж байна. Хуулийн дагуу авсан сая төгрөгөө эргүүлэн өгье” гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд хүсэлт тавьсан. Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэдний хүсэлтэд хариу өгөөгүй байгаа юм. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авахыг ҮАБЗ-ийнхнөөс хүссэн нь энэ билээ.
Тэгвэл тэд тэмцлийн аргаа суултад шилжүүлэхээр болжээ. Улмаар Увсаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл Улаанбаатараас явахгүй гэдгээ мэдэгдэж, зарим нь Төрийн ордны гадаа суулт хийх бол нөгөө хэсэг нь СЕХ-нд суулт хийхээр болжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ