Шагнал авснаараа Д.Болд л “цоллуулж” байгаа болохоос...

Хэдэн өдөр дуучин Д.Болдын шинэ уран бүтээл “Би дурламаар байна” дуу тэр чигээрээ хулгайн дуу болох нь илэрч, бөөн сенсааци тарив.

Тэрээр энэ жилийн “UBS music awards”-аас энэ дуугаараа шилдэг эвлүүлэгч график, дизайн, шилдэг продюссерын шагнал хүртсэн билээ. Тэр ч утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ дуу их хит болж, олны хараанд хэт өртсөнөөс ийнхүү булхай нь илрэв бололтой. Нөгөө магтсан хүргэн магнайдаа баастай гэгчийн үлгэр болчихов уу даа.

Дуучин Д.Болдыг Монголын рок поп урлагийн авч явж байгаа ёстой ганц сайн, чадварлаг залуу хэмээн бид ам хамаргүй л магтаж, хир тусгадаггүй байлаа. Тиймдээ ч төрийн соёрхолт гэх энэ их эрхэм цолыг хүртэхэд нь тийм ч их асуудал үүсгэж, нүдээ олоогүй шагнал энэ тэр гэж олон юм ярьж гүйгээгүй.

Гэхдээ л ийм хүндтэй дуучин нь хулгайн дуу хийнэ гэхээр олон хүний санаанд багтаагүй бололтой.Энэ явдалд дургүйцсэн зарим нь Д.Болдыг тайлбар хийгээд зогсохгүй энэ клипээрээ авсан шагналаа буцааж, ард олноос уучлал гуйх ёстой ч гэцгээж, твиттер, фэйсбүүкээр бараг бослого гарах дөхөв.

Харин Д.Болд энэ бүхэнд хариу болгож твиттер хуудастаа “Энэ клипийг "DOZ entertainment" 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бас найруулагчаар нь Доржсүрэн ажилласан. Уучлалтыг би биш надаас мөнгө авч хийсэн ДОЗ-ынхон л гуйх ёстой. Хөөрхий дөө. Энэ шагналыг нь буцааж өгсөн ч яалаа, байсан ч яалаа. Бидэнд үр өгөөжөө өгөөд байгаа тийм зүйл биш шүү " гэжээ.

Нээрээ л шагнал урамшуулал, төрийн одон медалийн нэр хүнд “шалаар нэг тараад” удаж байх шиг байна. Худлаа баахан төмөр аваад идэх биш дээ, уух биш дээ гэж боддог хүмүүс олширсон ч юм шиг. Эхнээсээ ийнхүү үгээ хэлж эхэллээ.

Д.Болдын энэ дуу шагнал хүртсэндээ байгаа болохоос Монголын рок поп, хип хоп, нийтийн дуу гээд ер нь бүгдээрээ их, бага ямар нэг хэмжээгээр “хулгайн дуу” хийдэг нь нэгэнт нүдний өмнө ил болсон. Шагнал авснаараа Д.Болд л “цоллуулж” байгаа болохоос.

“Mongolian Music” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian Music Video Awards” наадам рок попын видео клипнүүдийг олон төрөлд хуваан өөрийн гэсэн өнгө төрх, имижийг цогцоор бүрдүүлж чадсан хамтлаг дуучдыг шалгаруулдаг гэсэн. Гол нь өөрийн гэсэн өнгө төрх шүү дээ. Гэтэл хүний юмаар хүүдэгнэсэн уран бүтээл шалгаруулж л байдаг. Ер нь яг яаж шалгаруулдаг болж таарч байна аа.

Ер нь энэ үйл явдлаас харахад тэр тэмцээнийг шүүгч гэх хэдэн нөхөд шилдгүүдийг нь ямар үнэлэмжээр, яаж шалгаруулдаг вэ гэдэг анхаарлыг төвд орчихлоо. Тэд ямар ч судалгаа, урд хойдох, өөр улс орны дуу хуураас санаа оноо авч уу, үгүй юу гэдгийг лав хардаггүй юм байна. Ер нь миний бодлоор аль нэр хүндтэй, олны анхаарлын төвд байгаа, үзэгчдэд бага зэрэг тааалагдсан уран бүтээлүүдийг сэтгэл хөдлөлөөр шалгаруулдаг юм биш үү. Ингэж бодохоос өөр арга алга. Хардаж сэрдэх эрх бий.

Заримдаа ч бүр “за арай ч дээ” гэмээр уран бүтээлчид шилдгээр шалгарчихсан байдаг. Тухайн үед гайхаж алмайраад л өнгөрнө. Цөөхөн хэдэн хүмүүсийн хүрээнд уралдаан биш хуйвалдаан маягийн наадам болж өнгөрдөг нь олон түмнийг ийм сэтгэлтэй үлдэхэд хүргэжээ. Тухайлбал урлагийн тогоонд орж ирээд төдийлөн танил болоогүй “Anemone” хамтлаг л гэхэд ноднин жил “Шилдэг имиж бүрдүүлэлт” төрөлд шагнал авсан нь үзэгч олон төдийгүй мөр зэрэгцэн явдаг урлагийнхныг алмайруулахад хүргэсэн. “Anemone” хамтлагийн энэхүү шагнал нь продюсер Чука ахынх нь ач гавьяа гэж хардах хүмүүс ч байдаг юм билээ. Үнэндээ ч тийм л дээ.Олонд танигдсан уран бүтээлгүй охидын хамтлаг энэхүү шагналыг өөр яаж ч авах билээ.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ