Үнээ нэмээд, метр кв-аар нь луйвардана гэдэг байж боломгүй хэрэг гэв

Шинээр баригдаж байгаа төдийгүй ашиглалтанд ороод удаагүй байгаа орон сууцнуудын метр квадрат зөрж байгаатай холбоотой гомдол саналууд хүрээгээ тэлж байна. Метр квадратын зөрүүгээс болж иргэд барилгын компаниудад хамгийн багадаа 2.8 саяаас дээш төгрөг завшуулж байсан гэнэ. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

-Хэрэглэгчид гомдол гаргахдаа нотлох баримттай ирж байгаа юу?

-Өдөрт бараг 20 өргөдөл, гомдол ирсээр байгаа. Ирж байгаа иргэд тухайн худалдаж авсан байрныхаа метр квадратыг, мэргэжлийн байгууллагаар хэмжүүлээд гаргасан дүгнэлтээ үндэслэж манай дээр гомдол гаргаж ирж байгаа.

-Одоогоор ямар компаниуд дээр олон тооны өргөдөл ирээд байна вэ?
- “Тайгам Алтай” ХХК, “Асар парпартиз”, “Залуус” хороолол, “Ти СИ Ди”, “Гангар” инвест зэрэгт өргөдөл ихээр ирж байна. Нэг барилгын хотхон дээр л гэхэд 2-20 метр дутах жишээний. Тухайн барилгын компаниуд стандартын дагуу хэмжилтийг хийдэггүй. Мөн хүчин төгс бус гэрээ хийж хэрэглэгчээ хохироож байгаа.Шинэчилсэн засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд иргэдээ орон сууцжуулахын тулдбарилгын компаниудад хөнгөлттэй зээл олгосон. Түүнчлэн барилгын материалын үндсэн түүхий эд болох цемент зэргийн үнийг тогтвортой байлгаж шахсан. Дээрээс нь тухайн барилгын компаниуд барилгаа барьчихаад худалдан авагч үгүй болсон байхад найман хувьтэй зээл гаргаж худалдан авагчийг нь хүртэл бэлдэж өгсөн. Гэтэл манай барилгын компаниуд маань өнгөрсөн найман сард барилгын хомсдлыг далимдуулж метр квадратын үнээ нэмсэн байгаа. Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн хэрнээ худалдан авагчдыг метр квадратаар луйвардана гэдэг байж боломгүй юм.

-Яг одоо хэчнээн компани дээр иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа вэ?

-11 компанид шалгалт явуулаад улсын байцаагчийн "Гаргасан зөрчлөө арилгаж, хэрэглэгчийн хохирлыг барагдуул" гэсэн албан шаардлагыг хүргүүлсэн. Тэд энэ сарын 9-ний дотор зөрчлөө арилгах ёстой. Хэрвээ тухайн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. Энэ шалгалтын Барилга хот байгууллалтын яам, Стандартын хэмжил зүйн газартай хамтарсан шалгалтыг хийж байгаа. Тиймээс хэрэв зөрчлөө арилгаагүй бол барилгын тусгай зөвшөөрлийг цуцлана. Мөн өчигдөр эрүүгийн цагдаагийн газраас энэ хэрэг дээр хамтарч шалгая гэсэн хүсэлтийг өгөөд байгаа.
Түүнчлэн энэ сарын 9-ний дотор компаниуд зөрчлөө арилгаагүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр компанийн нэрийг, зөрсөн метр квадраттай нь зарлана.

-“Ти СИ Ди” гэх хятад эзэнтэй компанийнхан өнөөдөр зөрчлөө барагдуулна гэсэн үү?
-Анх энэ компанийн талаар гурван иргэн гомдол гаргаж ирсэн. Одоо нэмэгдээд тав болсон.Тэд өнөөдөр гомдол гаргасан иргэдийн зөрчлийг барагдуулж метр квадратынх нь мөнгийг өгнө гэсэн.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ