Х.Болорчулуун гишүүн нутгийнхнаа иргэдийг ордны ресторанд дайлав

Монгол Улсын баатарлаг хязгаар Дорнод аймгийн Халхгол сумын 20 гаруй иргэд саяхан УИХ-ын гишүүн Х.Болорчулууны урилгаар саарал ордны дөрвөн давхрын ресторанд үдийн зоог хамт барьжээ. Дорнодчууд намчирхаж талцалгүй сэтгэл зүрхээрээ өөрсдийнхөө чин сонголтыг хийсний үр дүнд хэн ч танихгүй явсан “Дорнод гурил” ХХК-ийн захирал Х.Болорчулууныг энэ удаагийн УИХ-д бидний итгэлийг даах залуу хэмээн сонгосондоо нутгийнхан нь нэн сэтгэл ханамжтай яваа ажээ. Эх орны алс зүүн хязгаараас нутгийн удирдлагын сургалтад ирсэн иргэд эрхэм гишүүнтэйгээ энэ жилийн төсөв, Газрын тосны тухай хуулийг нутагт хэрхэн ашигтайгаар шийдүүлж байгаа талаар мэдээлэл авсан байна.

Харин эрхэм гишүүндээ өнгөрсөн жилийн гэнэтийн зуданд хамгийн их хандив, тус дэм өгч, өөрөө нутагтаа сар гаруй биечлэн ажилласан явдалд баярласнаа илэрхийлж төрийн ёслолын танхимын төв хэсэгт орших есөн хөлт цагаан тугандаа мөргөн дурсгалын зураг татуулжээ. “Шинэ гишүүн, ярих хэлэх муутай” гэж шүүмжлүүлдэг эгэл эрхмийг Халхгол сумын төлөөлөл болсон нутгийнхан нь ажилдаа их дадлагажиж, УИХ-ын гишүүний буурь суужээ хэмээн үнэлээд буцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ