Монгол уран бичлэгээ ЮНЕСКО-д бүртгүүллээ

Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит наймдугаар хуралдаанаар монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг” удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдаж, ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдлээ.Энэ жагсаалтад багтахын тулд олон улсын 11 соёлын биет бус өв нэр дэвшсэнээс тивүүдийн төлөөлөл болох Монгол, Азербайжан, Гватемал, Уганда улсын өв ийнхүү бүртгэгджээ.
Тус комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан " Монгол уран бичлэгийг хадгалж хамгаалан хөгжүүлэхэд төр засаг, иргэд, ард түмний хамтарсан нэгдмэл хүчээр ихийг хийх бөгөөд бид хойч үедээ уламжлан үлдээнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.
Монгол уран бичлэг манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн тав дахь өв болж байгаа бөгөөд өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэрэг өв бүртгэгдсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ