МҮОНРТ-ийг татан буулгая

МҮОНРТ-ийн удирдлагын хоноцын сэтгэлгээ энэ өнөр бүлийн бүтээлч хамт олныг хагалган бутаргаад зогсохгүй олон нийтийн дунд нэр хүндийг нь ихэд унагаж байна.
Өчигдөр нэгэн төрийн бус байгууллагын хоёр нөхөр МҮОНРТ-ийг татан буулгаж, хувьчилъя гэсэн утгатай хэвлэлийн бага хурал хийж байх юм.
Иймэрхүү авиа арилжааны телевизүүдээс нэлээд хэдэн жилийн өмнөөс цухалзаж, байрыг нь ТВ сувгуудад эзэмшүүлэх хэрэгтэй гэж байсныг одоо тодхон санаж байна. Чоно борооноор гэгчээр МҮОНТ-д төрөөс шалгалт орсон сургаар энэ санаагаа гүйцэлдүүлэхээр мөнөөх хоёр нөхрийг хөлсөлсөн бололтой.
МҮОНРТ бол Монголын ард түмний харах нүд, сонсох чих яах аргагүй мөн. Социализмын 70 жилд мэдээллийн энэ хоёр хүчирхэг хэрэгслийг МАХН үзэл суртлын зэвсэг болгон ашиглаж байсан. Хүмүүнлэг ардчилсан нийгэмд ч хөл тавиад улстөрчид хошуу нэмж, хуруу дүрсээр амар заяаг нь үзүүлэхгүй байгаа.
Хуучин М.Чойжил, Ю.Эрдэнэтуяа, Д.Жаргал нарын зангарагтай дарга нарын зангидаж явсан телевизийн хамт олныг улстөржүүлсэн томилгооны харгайгаар хоноцын сэтгэлгээтэй зарим хүн удирдах болсноор уран бүтээлчдийнхээ гарын аяыг даахгүй тохиолдол гарах нь бүр элбэгшив.
Эмч хүн мэс засал хийхэд араас нь юм уу, урдаас нь хагал гэж хэн ч заадаггүйтэй адил МҮОНРТ-ийг удирдана гэдэг бол хэн нэг шалдан бандийн хийж чадах ажил яавч биш. Мэдлэг, чадваргүй хүн дороо дандаа өөрөөсөө дор шатрын хүүнүүд байлгахыг хичээж, хэзээ ч бэрс гарахыг тэвчдэггүй. Үүний харгайгаар уран бүтээлчид хамгийн их хохирч, олон нийтэд үлбэгэр бүтээгдэхүүн нийлүүлэхэд хүрдэг. Гэхдээ хальс бариад хаа сайгүй харайлгаж явдаг хүүхдүүд, компьютерийн ард улаан нүдэлтлээ суудаг эвлүүлэгч, ид есийн жаварт камераа бөөцийлж, өөрийгөө умартсан зураглаач нарын буруу энд юу байхав.
Хэдийгээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг УИХ-аас байгуулж, хараат бус ажиллах бүрэн эрхтэй гэж тунхагладаг ч улс төрийн нам, эрх баригчдын хүсэл шуналаас бүрмөсөн ангижирч чадахгүй байгаа нь ардчиллын 20 гаруй жилд энэ байгууллагад МАН-ын оролцоо нэлээд байснаа одоо АН-ынхан хуруу дүрж эхэлснээр батлагдана. Хэдэн зуун хүнтэй энэ том байгууллагыг ард түмний татварын мөнгөөр санхүүжүүлдэг.
Харин түүгээр зуурдын дарга нар гараа овоо угааж, хөөрхөн цулайж аваад буцдаг нь нууц биш. Гэвч үүнийгээ уран бүтээлчид руу чихэж буй нь арай хэрээс хэтэрсэн хэрэг болов. Аливаа байгууллага хийсэн ажлынхаа тайланг гаргаж өгдөг бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаа олон түмний нүдэн дээр цаг тутам ил байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, хэн, хэзээ, юу хийв гэдэг нь хэзээ ч ил тод байдаг.
МҮОНРТ-ийн дарга бол уран бүтээлчдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд хамгаалж ажиллах учиртай. Гэтэл Үндэсний зөвлөлийн үе үеийн дарга нарын таалалд нийцүүлэхээ урьтал болгож, хэдэн ч нүүрний арьс сольсон нь заримдаа эрх баригчид, улстөрчдийн илт захиалгат нэвтрүүлэг улаан цайм явуулах, ашиг сонирхлын зөрчилд орооцолдох явдал гаргадгаар илэрч буйг үгүйсгэх аргагүй. Том айлыг том хүн л авч явдаг жамтай. Түүнээс биш МҮОНРТ-ийг татан буулгаж, байрыг нь арилжааны телевизүүдэд эзэмшүүлнэ гэдэг гонжийнжоо.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ