Монгол Улсын Ерөнхийлөгчийн ордог сайт

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Нийслэлийг хот шиг хот болгохын төлөө зүтгэхээр ханцуй шамлан ажилдаа орсон “Нийслэлийн шинэчлэлийн баг” 2 дахь шинэ онтойгоо золгох гэж байна. Богинохон хугацаанд багагүй ажлыг амжуулаад байгаа тэдэнд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, зоригтой шийдвэрт нь нийслэлийн иргэд онц дүн тавьж буй. Хаалттай шахам байсан Хотын захиргаа иргэдээ сонсох нүд, чихтэй болж, асуудалд арай өөр өнцгөөс ханддаг болсон гээд хэлчихвэл буруудахгүй. Үүний нэг жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан болж өнгөрсөн “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан хотын ажилд гэнэтийн шалгалт хийсэн. Энэ үеэр Хотын дарга 2013 онд онцлох 55 ажил хийсэн талаар тайлагнаж, Хотын захиргаа иргэддээ 100 хувь нээлттэй болсныг Ерөнхийлөгчид дуулгав. Ингэхдээ өөрийн гаргасан захирамжийг “72 цагийн дотор нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны сайт болох www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулж, иргэдэд танилцуулж байгаа, хэрэв заасан хугацаанд тавигдахгүй бол хүчингүйд тооцогдоно. Мөн нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэр, удирдлагуудын гадаад, дотоод зардлын тайлан, тендерийн материал, цаг үеийн мэдээллээс гадна иргэдэд өмнө хаалттай байсан төсвийн тайлан мэдээг сар бүрд сайтад байршуулж байгаа” гэж хэлэв. Харин Засаг даргын ам бардам энэ тайланд Монгол Улсын Ерөнхийлөгч шууд л шалгалт хийж, би нийслэлийн иргэн, та хамгийн сүүлд ямар захирамж гаргасныг харъя гээд www.ulaanbaatar.mn сайтад зочлов. Нээрээ л Хотын даргын хэлснээр түүний нэг өдрийн өмнө гаргасан тендер зарлах тухай захирамж цахим хуудсын Захирамж хэсэгт байршсан байлаа. Ерөнхийлөгчийн гэнэтийн шалгалтад Хотын захиргаа харин ч нэг бүдрээгүй. Иргэдийнхээ төлөө ажиллана гэдэг ам уралдан уран цэцэн үг урсгахдаа биш харин энэ мэтчилэн төрийн үйлчилгээ, мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэхээс эхлэдэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ