“Номин талст”-ын Батсүх “Хайрын мод”-нд хоёр саяыг хандивлав

"Freezone" хамтлаг 12 сарын 7-нд тоглогдох “Хотын хэмнэл” тоглолтын тодорхой орлого, мөн залуусын дэмжлэгтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хайрын мод” бүтээхээр болоод байгаа.

Энэхүү модыг Монголын шилдэг дархчуул төмрөөр урлах бөгөөд хайр сэтгэлээр холбогдсон хосууд үнэнч хайрын бэлгэдэл болгон цоож зүүж, түлхүүрийг нь хоёр биендээ нэг нэгээр нь нандигнан хадгалдаг учиртай. Олон оронд Хайрын мод байдаг. Хайрын олон сайхан дуутай Freezone-чууд энэ санаачилгыг гаргасанд рок попын ах, эгч нар нь талархалтай хандаж дэмжиж байгаа аж.

Freezone хамтлагийн гишүүн Баттөмөр буюу Төмөрөөгийн ахыг “Номин талст”-ын Батсүх энэхүү “Хайрын мод”-ыг бүтээхэд зориулж хувиасаа 2 сая төгрөг гаргахаа өчигдөр Хэвлэлийн бага хурлын дараа мэдэгджээ. Мөн Төрийн соёрхолт дуучин Болд ч хандив өргөхөө амаараа мэдэгдсэн байна. “Хотын хэмнэл” тоглолтын дараагаас “Хайрын мод” төсөл бодит ажил болтлоо үргэлжлэх нь.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ