“Ах аа, эгч ээ шоколад аваач”

Ажлаас нэлээд оройхон тараад гэр лүүгээ харихаар “Шархад” чиглэлийн автобусанд суув. Цаг орой болсон болохоор автобусанд их цөөхөн хүн явж байлаа. Харин өндөр, нам хоёр хүү “Ах аа, эгч ээ шоколад аваач” хэмээн хүн бүрийн өмнө очоод авахгүй байхын аргагүй байдалд оруулам өрөвдөлтэй царай гарган зогсоод байлаа. Би ч шоколаднаас нь авч идлээ. Зарим хүмүүс өхөөрдөөд авсан шоколадаа буцаагаад “Чи ид” хэмээн өгч байна билээ.

Наймаа хийж олсон мөнгөөрөө хувцас авч өмсдөг гэх энэ хоёр хүү малгай ч байхгүй, пальтоныхоо заханд чихээ байн байн наан дулаацуулж байлаа. Өмссөн хувцас нь хир нугад болсон, томдсон харагдана билээ. Хувцас авч өмсдөг эсэх нь эргэлзээтэй асуудал. Ингээд зургаа авахуулахыг хүсээгүй хоёр хүүтэй ярилцсанаа хүргэе.

-Хэдэн настай вэ миний дүү?

-Би 13-тай, манай дүү есөн настай. Намайг Г.Болдоо, дүүг маань Г.Тэнгис гэдэг.

-Хэзээнээс ингэж гадуур юм зарж байгаа юм. Шоколад л зарах уу?

-Гурван сарын өмнөөс зарж эхэлсэн. Ихэвчлэн печень, шоколад зардаг.

-Ээж аав нь байгаа юу, юу хийдэг вэ, хэдэн настай хүмүүс байна?

-Аав байхгүй. Ээж маань Андуудын тэнд байранд орцны жижүүр, цэвэрлэгч хийдэг. Ээж маань 30 гарчихсан.

-Аав чинь яасан юм?

-Мэдэхгүй ээ. Бид хоёр аавыгаа мэддэггүй.

-Гэр чинь тэнд юм уу?

-Тийм ээ. Манайх тэр хавьд байдаг.

-Тэгээд ийм орой болсон хойно энэ хол газар явж болж байгаа юм уу. Яаж харих юм?

-Автобусанд суугаад харьчихна аа. Болохгүй бол микронд сууна.

-Ээж чинь та хоёрыг наймаа хийгээд ийм орой хүртэл явахыг зөвшөөрдөг юм уу?

-Мэддэг. Бид хоёр өөрсдөө мөнгө олох гэж юм зардаг юм аа. Ээж бид хоёрыг юм зар гэдэггүй л дээ.

-Өдөрт хэдэн төгрөг олж байна?

-Бид хоёр “Оргил” худалдааны төвөөс энэ шоколадаа хайрцгаар нь 5000-аар худалдаж аваад ширхэгийг нь 500-аар зардаг. Дотроо 24 ширхэг байдаг гэхээр нэг хайрцгийг зараад 7000 төгрөгний ашигтай ажилладаг. Заримдаа гурван ч хайрцгийг зарчихдаг. Хамгийн багадаа 5000 төгрөгийн ашиг олдог.

-Тэгээд энэ мөнгөө юунд зарцуулах вэ?

-Хувцас аваад үлдсэнийг нь ээждээ өгдөг.

-Та хоёр тэгээд малгай авч өмсөхгүй яасан юм. Гадаа их хүйтэн байна шүү дээ?

-Харин тийм ээ. Тэгж байгаад авна аа. Одоо бид хоёр дэлгүүр орж дулаацчихаад буцаад явна. Явах замдаа дахиад шоколадаа зарна даа.

-Та хоёр автобус, унаанд л зардаг уу. Наймааны их авьяастай юм аа?

-Тийм ээ. Автобусанд зарна. Хааяа гуанзнуудаар зардаг. Сайн хүмүүс их байдаг юм аа. Бид хоёрын шоколадыг их сайн авдаг.

-Сургуульд сурдаггүй юу?

-Сурдаггүй. Ерөөсөө явж байгаагүй.

-Юм уншиж, бичиж чадахгүй юу?

-Чадахгүй ээ. Уг нь хичээлд явж үзмээр л байна. Гоё байх аа.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ