О.Золбоотөгөлдөр: Эмэгтэйчүүдэд илүү ачаа үүрүүлэх гээд байна

Анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчдэдээ толилуулсан авьяаслаг нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Түүний “Moon Tales” нэртэй үзэсгэлэн “Сувд” галерейд үргэлжлэн гарч байгаа бөгөөд зуранууд нь эмэгтэй хүний эрх чөлөө, жендерийн асуудлыг хөндсөн байсан юм.

-Уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе.

-Баярлалаа. Миний бие даасан анхны үзэсгэлэн. Оролцож байсан гэвэл зөндөө. Одоо би 26 настай. Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд гурван жил боллоо. Энэ хугацаанд үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж, гурван жилийн хөдөлмөрөө дэлгэж байгаа маань энэ. Энд монгол зургийн анги төгсчихөөд дараа нь Польш улсад хоёр жил сэргээн засах чиглэлээр суралцсан.

-Чиний уран бүтээлүүд их өвөрмөц юм шиг санагдаж байна. Сэтгэлгээ нь шал ондоо?

-Монгол зургийн анги төгссөн гэхээр заавал уламжлалт сэдэвтэй, уламжлалт өнгө төрх хадгалсан зураг зурах албагүй. Би өөрийнхөө ертөнцөөр сэтгэхийг хичээдэг. Монгол зургийн тенхнологи гэхээсээ илүү графикийн, холимог технологи ашиглаж зурдаг. Эмэгтэй хүн гэдэг талаасаа өөрийгөө харуулахын тулд, өөрийнхөө ертөнцийг дэлгэхийн тулд уран бүтээлүүдээ ч эмэгтэй хүнтэй холбогдуулж зурах дуртай.

-Янз бүрийн л хугацаанд зурдаг байх даа?

-Зурагнуудаа янз бүрийн хугацаанд зурна. Заримдаа их бодож, удаан хугацаагаарзурна. Хоромхон хугацаанд зурсан ч зураг байна. Миний уран бүтээлийг ихэвчлэн гадаад хүмүүс их сонирхдог.

-Чиний хувьд хамгийн их бодож, хичээж зурсан зураг чинь аль вэ?

-"Сарнаас ирэх охиндоо зориулав" нэртэй энэ зургийг маш удаан бодож зурсан. Би өөрөө жирэмсэн байгаа. Тэгээд жирэмсэн хүнд сэтгэл санааны ямар нэгэн өөрчлөлт гардаг. Бас ямар нэг сайхан олз олчихсон юм шиг сэтгэгдэл төрдөг. Үүнийгээ илэрхийлж гаргахыг хичээсэн. Харахад хөнгөхөн ажиллагаатай ч гэсэн зурж байгаад дахин дахин бодож хойш нь тавиад, маш урт хугацаа зарцуулсан. Азийн улсууд эмэгтэй хүнийг зөвхөн гэрийн ажил хийх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээтэй байдаг шүү дээ. Тэрнийг нь тортой шувуугаар дүрсэлсэн. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн үр хүүдхээ өсгөж хүмүүжүүлээд, өөр өөрийн гэсэн ертөнцтэй гэдгийг харуулахыг хичээсэн юм л даа. Өлзийтөгсийн“Охиндоо зориулсан шүлэг” гээд нэг шүлэг байдаг. Түүнийг уншиж байгаад л энэ зургаа зурах санааг олсон. Би удахгүй хөөрхөн охинтой болох гэж байгаа.

-Польш, Монгол хоёр улсадуран зургийн хөгжил, ур чадварын ялгаа байна уу?

-Ур чадварын хувьд манай улс доордоод байх зүйл байхгүй. Уламжлалт ёс заншлын хувьд л өөр болохоос ялгаагүй сайн сургалттай.

-Энэ зураг их өвөрмөц харагдаад байна?

-"Жинхэнэ эзэгтэй" гэдэг зураг. Сүүлийн үед хатан ухаан ч юм уу, эмэгтэй хүн зөв байвал амьдрал зөв байна гэж ярьдаг болсон. Үүнийг би эсэргүүцдэг. Ингэж туйлширч болохгүй. Эмэгтэй хүн бүх зүйлийг зохицуулах ёсгүй. Үүнийг шоглосон маягаар зурсан юм. Амьдрал бол барьцгүй, яг л загас шиг. Гэр бүлийн харилцаа гэдэг бол эхнэр нөхрийн тэнцвэрт харилцаанаас бүрддэг баймаар надад санагддаг. Өнөөдөр эмэгтэйчүүдэд илүү их ачаа үүрүүлэх гээд байгааг шүүмжилсэн.

-Ер нь бусад уран бүтээлчдийн үзэсгэлэнг хэр их үздэг вэ. Бас суралцдаг байх гэж бодож байна?

-Бүхий л уран бүтээлчдийн үзэсгэлэнг аль болох үзэхийг хичээнэ. Мэдээж тэгж байж бусдаас суралцана, сайн сайн уран бүтээлчдийн арга барилыг ажигладаг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ