"Гадаа гараад торондоо хий" хэмээв

Хэдхэн хоногийн өмнө манай найз “Жүр үр”-ээс нэлээд хэдэн зүсэм бялуу авч л дээ. Ажлаа тараад орсон болохоор нэлээд оройтож хаах цагаар нь орчихож. Гэтэл худалдагч хүүхэн нь “Манайх хаах гэж байна. Та наад бялуугаа гадаа гараад торондоо хийчих” гэсэн гэнэ. Арай ч дээ. Хар өвөл, харанхуй шөнөөр үйлчлүүлэгчдээ ингэж ханддаг ажилчин гэж байх уу. Хэтэрнэ.
Ингээд миний өнөөдөр бичих сэдэв ойлгомжтой боллоо. Өдөр тутам бухимдал төрүүлж байдаг асуудлуудын нэг нь үйлчилгээний соёл, ажилтнуудын муухай харьцаа мөнөөсөө мөн.
Би “хаан” гэж мянга хашгираад ч хаана ч тусыг эс олно. Дэлгүүрт ороход худалдагч нь утсаар яриад, хумсаа будаад хүн байна ч гэж тоохгүй байх тохиолдол гардаг. Үүнийг чинь үзье дээ гэвэл их үнэтэй ш дээ, авахгүй байж баахан хардаг юм гэж тээршаах нь ч энүүхэнд. Таны өмнө уранхай хувцастай, бүр харах царайны мөнгөгүй гэмээр хүн зогсож байлаа ч худалдагч л юм бол үйлчлэх ёстой. Үүнийг би хэлээгүй үйлчилгээний ажилтны ёс зүйн журамд тэгж заасан байдаг юм билээ. Зарим нэг дэлгүүр хоршоо, хоолны газар, баар ресторан, цаашлаад төрийн албаныхан өөрсдийгөө хүнд үйлчилж байна гэдгээ мартаад, шүдээ зууж, хөмсгөө зангидан, хөдөлж ядаад л. Зах зээл тэр чигээрээ өрсөлдөөн гэж хэлдэг ч одоогоор манайд үйлчилгээгээрээ торойгоод, товойгоод гараад ирсэн газар байхгүй гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй л болов уу. “Хэрэв та инээмсэглэж чадахгүй аваас наймаа хийх хэрэггүй” гэсэн алтан зарчмыг санаж л явах учиртай.
Хүмүүсийн хялалзаж, цэхэлзсэн гараас талх авмааргүй байна.Зүгээр л хэнийг ч уурлуулахгүй, хэнд ч уурлахгүй, уурлах ямар нэгэн шалтгаан байхгүй, сайхан талхаа аваад л, тайван сайхан амьдармаар байна. Хуурамч, хөндий, хоосон бөхөлзөж нахилзахыг биш, зүгээр л намайг хүндэтгэж харилцаасай гэж хүсэж байна. Би зөвхөн талх биш, талхтайгаа хамт сэтгэл ханамж худалдаж авмаар байна. Сэтгэл ханамжийг өгч чадвал, талхных нь үнэнээс гурав дахин илүү үнэ төлөхөд ч бэлэн байна.
Саяхан бас ажлын байрны стрессийн талаар СЭМҮТ-өөс зарласан сургалтад суулаа. Гэтэл нэг эмч “Эмч бид нарыг их муухай ааштай, уурладаг гэж хүмүүс ярьдаг. Угаасаа үнэн. Өвчтэй, зовлонтой, нервтэй хүмүүстэй харьцдаг болохоор бид дагаад ийм ааш зантай болдог. Өвчтэй хүний өмнөөс хараад инээж үйлчлэх нь бараг л ёс зүйгүй” гэх утгатай зүйл ярина билээ.
Ажлын ачаалал их, ажиллах орчин нөхцөл таагүй байгаагаас шалтгаалаад муухай ааштай, инээмсэглэхгүй байна аа гээд тэднийг өмөөрч болно л доо. Гэхдээ нэгэнт энэ ажлыг хийнэ, төрийн өмнөөс, төрийн үйлчилгээг хүмүүст үзүүлж чадна гэж шалгалт өгөөд ажиллаж байгаа юм бол би үйлчилж чадахгүй гэж хэлэх эрх тэдэнд байхгүй. Би завгүй, ажил ихтэй, миний бие муу байна, би өөрөө стресстэй байна гээд иргэдэд үйлчлэхээс татгалзах, муухай харьцах эрх байхгүй.
Үйлчилгээний соёл гэхээр манайхан нэг их том асуудал гэж боддог. Уг нь хүнд үнэн сэтгэлээсээ хандаж, ажлаа мэддэг, хэрэглэгчээ мэдэрч, түүнийг хүндлэх дэг жаягт суралцсан байхад л хангалттай.Хүнийг сайхан бүтэн хараад, “Сайн байн уу та” гээд мэндлэх нь харилцааны эхний алхам. Хэрэглэгч бол ноён. Ноён ямар ч ааштай байсан би сайхан ааштай байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.
Үйлчилгээний философио ойлгоогүй үйлчилгээнүүд хаа сайгүй. Хэрэглэгчээ дарамталдаг, эсвэл айлгасан. Гомдол гаргавал манайхыг доромжиллоо гэж хэлдэг. Ажилтан нь ч тэр, дарга нар нь хэрэглэгчээсээ уучлалт гуйхын оронд хэрэглэгчээ хий хоосон хардаж, чи хаанахын захиалгаар гомдол гаргав ч гэх шиг дайрч давшилж харилцдаг байдал хаа сайгүй байсаар байна. Хамгийн инээдтэй нь хэрэглэгчээ хэн ч биш мэт харж, өөрсдөд нь гомдол ч гаргах ёсгүй, өөрсдийгөө бурхан мэт бодчихдог байгууллага ч байна. Байгууллага бол бурхан хэрэглэгч бол загнуулж, зүхүүлж, доромжлуулж байх ёстой хэн ч биш амьтан юм уу.
Өнөө цагт хүмүүс зөвхөн бараа бүтээгдэхүүний чанарыг голлохоос илүүтэй үйлчилгээний чанарыг нь харгалзаж сонголтоо хийдэг болсон. Харилцагч, үйлчлүүлэгч байхгүй бол, бизнес оршин тогтнохгүй гэдгийг мэддэг ажилтнууд тун цөөн мэт санагдана. Авбал ав, байвал бай гэдэг үг аль хэдийнэ модноос гарсан. Харилцагчийг уурлуулж, бухимдуулах үед ихэвчлэн тэд дуугүй яваад өгдөг. Дахиж тэр газраар хэзээ ч үйлчлүүлдэггүй.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ