Улсын аваргад 16 настай С.Билгүүн түрүүллээ

Монголын банкны холбооны нэрэмжит шатрын блиц тоглолтын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Гадаад хэргийн яаманд энэ сарын 6-8-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн шатрын блиц тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн нь 11 дэх жилдээ болж байгаа аж. Тэмцээнд нийт 55 шилдэг шатарчин оролцсоны дотор гурван их мастер, 5 олон улсын мастер, 12 ФИДЕ мастер байлаа.

Тэмцээн швейцарь системээр есөн өрөг тоглосноос эмэгтэйчүүдээс ОУМ Д.Янжиндулам 7.5 оноогоор түрүүлж, СМ Э.Хулан 7.5 оноогоор хоёрдугаар байр, СМ Б.Билэгжаргал 5.5 оноогоор гуравдугаар байр эзлэв. ФМ У.Лхамсүрэн, ДМ Э.Амаржаргал нар шагналт байрт шалгарлаа.

Тэмцээний талаар Монголын шатрын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батсайханаас дараах зүйлийг тодруулсан юм.

-Энэ удаагийн тэмцээн ямар онцлогтой болж байна вэ?

-2013 оны рапид, блиц болон бодлого бодолтын тэмцээн гурав дахь өдрөө болж өндөрлөлөө. Монголын банкуудын холбоо ивээн тэтгэж байгаа учраас өндөр зохион байгуулалттай, ивээн тэтгэлэг сайтай боллоо. Эхний өдөр блицээр эхэлсэн бөгөөд 2000 дээш чансаатай шатарчид оролцсон. 16 настай залуу шатарчин С.Билгүүн түрүүлж, шуугиан тарилаа. Мөн дараагийн өдөр болсон бодлого бодолтын тэмцээнд мөн л С.Билгүүн маань түрүүлж, хос алтан медальтай болсон. Эмэгтэйчүүдийн тухайд нийт 12 шатарчин оролцсон бөгөөд олон улсын хэмжээний мастер О.Янжинлхам түрүүлсэн.

-Рапид, блиц болон бодлого бодолтын ялгаа нь юу вэ?

-Цагийн хяналтаараа ялгаатай. Блиц 3 минут 2 секундын нэмэгдэлтэй тоглодог. Рапидын тоглолт 10 минут 10 секундын нэмэгдэлтэй. Бодлого бодолт бол цаанаасаа зохиогдсон бодлогыг бодож, хамгийн өндөр аваа авсан нь ялдаг.

Эрэгтэйчүүдээс өсвөрийн шатарчин, ФМ С.Билгүүн 7.5 оноогоор нэгдүгээр байр, ФМ С.Ган-Од 7.0 оноогоор хоёрдугаар байр, өсвөрийн шатарчин Э.Энхнар 7.0 оноогоор гуравдугаар байр эзлэж, ахмад шатарчин ФМ Ж.Лхагва, СМ Б.Нямдаваа нар тус бүр 6.5 оноогоор шагналт байр эзэлсэн байна.

Энэ үеэр тэргүүн байр эзэлсэн С.Билгүүнээс дараах зүйлийг тодруулсан юм.

-Тэмцээнд ямар амжилт үзүүлэв?

-Миний хувьд Блиц төрөл болон бодлого бодолтын төрөлд тэргүүллээ. Рапид төрлийнхөө байрыг сонсох гэж байна. 3-5 дугаар байрын аль нэгэнд нь орох байх. Тэмцээний хувьд зохион байгуулалт сайтаа болж байна.

-Өрсөлдөгчдийн хувьд хэр байна вэ?

-Өрсөлдөгчдийн хувьд хүнд байлаа. Тухайлбал, саяны тэмцээнд гэхэд тоглосон өрөг болгон хариуцлагатай, алдаа хийж болохооргүй байлаа.

-Өмнө нь ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Хоёр жилийн өмнө сонирхогчдын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан. Дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Энэ спортоор ес дэх жилдээ хичээллэж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ