Агаарын бохирдол хавдар үүсгэдгийг тогтоожээ


Агаарын бохирдол хавдар үүсгэдгийг тогтоожээ. Жил жилийн өвлийн улирал болоход толгойтой бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг амаа чилтэл ярьж хавар, зундаа мартдаг билээ. “Азийн цагаан дагина” хэмээгдэн нэгэнтээ нэрлэгддэг байсан хот маань дэлхийд хамгийн бохир агаартайгаараа 2-р байранд орж байна. Дэлхий нийтээр нотолгоонд суурилсан баримт мэдээлэл дээр үндэслэн бодлого боловсруулж, арга хэмжээ авдаг. Гэтэл агаарын бохирдол нийслэлчүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар дорвитой томоохон судалгаа хийхэд сүүлийн жилүүдэд улсын төсвөөс хөрөнгө гаргаагүй байна.

Тоотой хэдэн олон улсын байгууллагын төслийн санхүүжилт эсвэл гадаадын эрдэмтдийн хийсэн судалгаа л бидэнд байна. Монгол, Канадын судлаачдын судалгаагаар Улаанбаатар хот нас барж буй 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлын улмаас хорвоог орхиж буйг тогтоосон. Зүрх, амьсгалын замын өвчний нас баралтын 29 хувь, уушигны хавдрын нас баралтын 40 хувь гадаад орчны агаарын бохирдлын улмаас үүссэнийг эдгээр судлаачид тогтоосон байна. Хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 микроноос бага хэмжээтэй нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй долоо дахин илүү байжээ. Агаарын бохирдол нь олон төрлийн өвчнийг, ялангуяа амьсгалын замын болон зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг олон жилийн өмнө баталсан. Гэтэл хамгийн сүүлийн үеийн өнгөрсөн аравдугаар дугаар сарын 17-ны өдрийн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төрөлжсөн агентлаг болох Хавдар судлалын Олон улсын агентлагийн мэдэгдлээр гадаад орчны агаарын бохирдол нь хавдрын гаралтай нас баралтын хүрээлэн буй орчны үндсэн хүчин зүйл болохыг тогтоожээ.

Дэлхийн таван тивд хийгдсэн, шинжлэх ухааны сүүлийн үеийн 1000 гаруй хараат бус судалгаануудыг нарийвчлан үнэлж судалсны эцэст шилдэг шинжээч судлаачид гадаад орчны агаарын бохирдол нь уушигны хавдар үүсэхэд хүргэдгийг нотолгоонд тулгуурлан баталжээ.Түүнээс гадна, агаарын бохирдол болон давсагны хавдрын хооронд эерэг хамаарал байгааг тогтоосон байна. Хавдар судлалын Олон улсын агентлагаас агаарын бохирдлын нэг үзүүлэлт болох тоосонцрыг тусад нь судалж, агаарын бохирдол, агаар дах тоосонцрын нөлөөлөл ихсэх тусам уушигны хавдрын эрсдэл нэмэгддэгийг харуулж, хүнд хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байна. Агаарын бохирдол хүнд хавдар үүсгэдгийг анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэй баталж хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан явдал нь агаарын бохирдлын асуудлыг хойшлуулалтгүй нэн тэргүүний ээлжинд шийдвэрлэх асуудал гэдгийг олон улсад харуулах маш чухал алхам болсон юм. Агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж байгаа манай нийслэл хотын хувьд бохирдлыг бууруулах үйл ажиллагааг улам эрчимжүүлж, цогц томоохон арга хэмжээ авахгүй бол амьсгалын замын, зүрх судасны өвчин, цаашлаад уушигны хавдраар нас барах эрсдэл хүлээж байна. Байдал гамшгийн хэмжээнд хүрсэн байхад нийслэлчүүд бид бас л чимээгүй, төрдөө найдан суусаар байх уу?

Нийслэлчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг судалсан нотолгоотой сүүлийн үеийн үндэсний судалгаа байхгүй, эрүүл мэндийн статистик мэдээний хэдэн тоогоор аргацаан мэдээлдэг нь харамсмаар. Утааг бууруулах нэрийдлээр гадаадын зээл тусламж гуйж, өнөө маргаашийг аргацаах төдий арга хэмжээ авч буй нь бас харамсмаар. Төрийн түшээд хэдэн зуун боть тайланг хоорондоо шидэлцэн маргалдах хооронд нийслэлчүүд бидний эрүүл мэнд улам муудан эрүүл хүн үлдэхгүй тавилан хүлээж байна. Улс орны үндэсний аюулгүй байдал,, хөгжил дэвшилд эрүүл саруул хүн ам лхамгаас чухал баймаар.

Анагаах ухааны доктор

Б.Цэцэгсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ