Д.Сосорбарам: Бүх намд амиа бодсон, шимэгчид үүрлэсэн байна

Өнөөдөр Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаны 24 жилийн ойн өдөр. Ардчиллынхан Соёлын төв өргөөнд баярын хурлаа хийж, алдаа оноогоо ярилцлаа.

Энэ үед ардчиллын анхны алтан хараацайнуудын нэг, Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам үг хэлэв. Тэрээр “Өнөөдөр нэр төрөө бодсон үг хэлээд суух нь зохимжгүй юм. Бид 24 жилийн өмнө ардчиллын төлөө тэмцэж өнөөдрийг хүрсэн. Бид авлигачдыг тэжээсэн байна. Бид ийм нийгмийг хүсээгүй. Тиймээс өнөөдөр тэмцлийн өдөр. Төр засаг, эрх мэдэлтнүүдийн дунд бугласан шударга бус байдал, амиа бодсон ашиг хонжоо хайсан бүхэнтэй тэмцэх, цэвэрлэх өдөр юм. Монголд шударга ёсны төлөө тэмцдэг хүн цөөхөн болсон. Монголын Ардчилсан холбоо ургамлаар бол үндэс нь юм. Тэр үндсийг дагаж мөчир салаа ургасан. Тэр бол намууд юм. Энэ намуудаар дамжиж, Ардчилсан намаар халхавч хийсэн, залилж мэхэлсэн увайгүй хүмүүсээр дүүрсэн.

Ардын нам, Ногоон нам, Иргэний зориг зэрэг бүх намд амиа бодсон, шимэгчид үүрлэсэн байна. Монголын төр зөөлөн чихтэй, хараа хурцтай, хүнийг сонсдог, хүнд үйлчилдэг байх ёстой. Хүмүүст боломж олгох ёстой.Монголын Ардчилсан намд газрын хулгайчид, ичгүүр сонжуургүй хүүхдийн паркийг шууд аваад иддэг хулгайч нар шавсан байна. Энэ хүмүүс хариуцлагаа хүлээх учиртай. Энэ тэмцлийн өдөр шүү. Амьдрал бол инээдмийн жүжиг юм гэсэн үг бий. Энэ инээдмийн жүжгээс татгалзаж ухаалаг амьдраач.

Төрийн алба танил тал, нам намын шахааны хүмүүсээр дүүрлээ. Жишээ хэлье, Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд нам намын шахааснууд орчихоод ажил нь явахгүй байна. Төрийн албаныхан “Танай намын хүн, миний намын хүн”гэцгээж байна. Манай улсад Монгол гэж ганцхан дээвэр бий. Өнөөдөр баярлах биш, тэмцэх өдөр шүү гэж хэлэх гэсэн юм." хэмээлээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ