“Standard bank”-ны төлөөлөгчийг Монголоос гарахыг хориглосон уу

“Жаст” групп Өмнөд Африкийн “Standard bank”-наас Эрдэнэт үйлдвэр батлан даасан гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж 109 сая ам.доллар зээлсэн гэх шуугиан дэгдээд байгаа билээ.Тэгвэл энэ 131 сая ам.долларын өрийг төлүүлэх асуудлаар Монголын эрх баригчидтай зөвшилцөхөөр ирээд байсан Өмнөд Африкийн “Standard bank”-ны төлөөлөгчийг хуулийн байгууллага Монгол Улсаас гарч явахыг нь хоригложээ” гэсэн утгатай мэдээлэл өчигдөр bdlive.co.za цахим хуудсанд тавигджээ.

Энэ хүн нь ӨАБНУ-ын “Standard bank”-нд зөвлөхөөр ажилладаг, Шинэ Зеландын иргэншилтэй Крис Брэдли гэгч бөгөөд Жаст группээс гаргуулж авах өрийн асуудлыг ярилцахаар өнгөрсөн сард Улаанбаатарт ирсэн таван хүний нэг юм байна.

Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Йоханнесбург дэх төв оффис руугаа залгаж “Арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатараас нисэх ёстой байсан ч эрх баригчид хил нэвтрэхийг хориглочихлоо” хэмээн утсаар ярьсан байна. “Standard bank”-ны хэвлэлийн төлөөлөгч Росс Линстром энэ талаар мэдээлжээ.Харин энэхүү мэдээлэл үнэн эсэхийг ЦЕГ-ын ХМТ-ийн байцаагч Н.Төгсбаяраас тодруулахад манайд хамаагүй хэмээн хариулсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ