Биокомбинатынхан банкны дутагдалд оржээ

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохирдолтой ус, морингийн давааны хогийн цэг, хүнд даацын машинуудаас үүссэн хэт их тоосноос үүдсэн байгаль орчны ноцтой доройтолд орж буй дүүрэг бол Хан-Уул дүүрэг юм. Тодруулбал тус дүүргийн Биокомбинат, Шувуун фабрикт амьдарч байгаа хүмүүс цэвэр ус ууж, эрүүл орчинд аж төрж чадахгүй байгаа тухай “Далд хүн” төрийн бус байгууллага мэдээлж байсан.
Гэтэл энэ дүүргийн 13-р хорооныхон эрүүл энх аж төрөх нөхцөл боломжоор тааруугаас гадна нийгмийн амьдралд оролцох нөхцөл боломжоор хомс байдалтай байна. Тодруулбал тэдэнд банкны үйлчилгээ үнэхээр дутагдалтай байгаа талаар Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэд ярьсан юм. Тэнд “Хаан” банкны явуулын банк долоо хоногийн хоёр өдөр очиж иргэдэд үйлчилдэг бөгөөд ингэхдээ хангалттай удаан хугацаанд ажилладаггүйгээс болж тэндэхийн иргэд бухимдаад байгаа юм билээ. Арга ч үгүй л дээ. Бүхэл бүтэн 1000-аад км алслагдсан аймгийн төвүүдэд хэд хэдээрээ байж байдаг банкны үйлчилгээг Нийслэл хотдоо амьдарч байж авч чадахгүй, алслагдаж байгаада бухимдах нь тэдний зөв гэлтэй.
Тус хороо 3000 гаруй хүн амтай бөгөөд хотоос 40-өөд км алслагдсан газар амьдардаг болохоор төдийлөн чухал ажил гарахгүй бол хотын төв рүү орохыг ч төдийлөн дурладаггүй гэх. Яагаад гэвэл хэтэрхий хол газар автобус унаанд явж байтал хамаг цаг, ажлаа алддаг гэсэн. Энэ чиглэлийн зам саяханыг болтол там шиг байсан гэхэд хилсдэхгүй. Харин аравдугаар сарын сүүлээр Нисэхийн товчоо - Биокомбинат -Шувуун фабрик чиглэлийн 22.5 км автозамын нээлт болсон. Тусзамын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Тотал Инж" ХХК өргөтгөж, шинэчилсэн билээ.
ХУД-ийн 13-р хорооны засаг дарга Э.Бүрэнтөгс:Тогтмол ажилладаг банктай болно
-Танай хороонд ямар ч банк байдаггүй, явуулын хаан банк ирж үйл ажиллагаа явуулдаг ч эрт хаачихдаг гэсэн санал гомдол ирлээ?
-Ямар ч банк байдаггүй байсан нь үнэн. Харин бид бүхий л арилжааны банкуудад санал тавьж явсны эцэст “Хаан” банк бидэнтэй хамтарч ажиллахаар болсон. Тэгээд долоо хоног бүрийн хоёр дахь, тав дахь өдөр ирж иргэдэд үйлчилдэг. Тог цахилгааныхаа мөнгө банкинд тушаахаас эхлээд банкны үйлчилгээ маш их дутагдалтай байхад “Хаан” банк ийнхүү хоёр өдөр ажилладаг болсон нь харин ч иргэдэд таалагдаж байгаа. Банк байхгүй байхад дандаа хотын төв рүү явж ажлаа бүтээдэг байсан.
-Хоёр өдөрт өдрийн хэдэн цагаар ажилладаг юм бэ?
-Ажлын хоёр өдөр өглөө 11:00-15:00 цаг хүртэл ажилладаг. Үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх нь ам сайтай байдаг. Яахав ажил төрөл нь амжихгүй, банк хаах цагаар очдог хүмүүс л буихдаж байгаабайх. Тэрнээс манай хорооны иргэд бүгдээрээ гомдол гаргаад байгаа зүйл байхгүй.
-Тэгвэл цаашид тогтмол үйл ажиллагаа явуулдаг болгох тал дээр арга хэмжээ авч байгаа юу?
-Мэдээж энэ тал дээр “Хаан” банкныхантай ярилцаж байгаа. Он гаргаад дорвитой арга хэмжээ авч тогтмол үйл ажиллагаа явуулдаг банктай болгоно. Манай хороо чинь Улаанбаатар хотын төвөөс нэлээд алслагдсан, бараг 40-өөд км-т байдаг болохоор сүлжээ их муу барина. Тиймээс интернетийн сүлжээнээс хамаараад банкны гүйлгээ хийхэд удаан ачааллах гээд асуудал гардаг. Энэ бүхнийг ч гэсэн шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ