Хогон дээр хэвтэж байсныг нь авчирдаг юм биш

АН-ын бүлгийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд хийх ажлын нэг нь нүүрсийг коксжуулж түлшинд нэвтрүүлэх нь чухал гэж үзжээ. Гишүүдээс гаргасан бас нэг санал нь автомашины хуучин дугуйг импортоор оруулж ирэхийг хориглох тухай байлаа. С.Баярыг Засгийн газрыг тэргүүлж байх үед УИХ-ын гишүүн Г.Батхүү энэ асуудлыг хөндөж тавин шийдвэр гарч байсан ч өнгөрсөн хугацаанд хуучин дугуйны импортыг хориглох асуудал ажил хэрэг болоогүй юм.Харин одоо шийдвэрийг хэрэгжүүлэх талд ажиллахыг Засгийн газарт даалгасан байна.
Миний ажигласанаар энэ санал давамгайлах шинжтэй. Гэхдээ дээгүүрх хүмүүсийн хувьд. Яагаад гэвэл тэд хуучин дугуй хэзээ ч хэрэглэж байгаагүй, цаашид ч хэрэглэхгүй биз. Харин яг“хөрсөн дээрээ буугаад” энэ асуудлын тухай ярьвал огт өөр зүйл ярина шүү.
Сэтгүүлч би нөгөө талаас нь асуудалд хандмаар санагдлаа.Хуучин дугуйг импортолж байгаа улсдаа ашиглагдахаа больчихсон, хогон дээр хэвтэж байсан дугуйг нь түүгээд авчирдаг юм шиг ойлгоод байх шиг. Гэтэл яг үнэндээ тийм биш. Тухайн улсын иргэд унаж байсан машинаа солих юм уу өөр машин авах үедээ хуучин машинаа “петчан” хэмээх автомашин задалж сэлбэг болгодог газарт багахан үнээр зарчихдаг юм байна. Харин манайхан тэр машинуудыг нь задалж, сэлбэгийг нь наашаа импортолдог юм билээ. Тэнд машин задалдаг нэг залуугийн хэлж буйгаар задалдаг машин нь тийм ч их муудаагүй, зарим нь бараг шинээрээ шахуу,гаднаа өө сэвтэй болсон л байдаг гэнэ. Дугуйнууд ч нь ч гэсэн төдийлөн муудаагүй, мэдээж муудсан дугуйг нь наашаа ачдаггүй гэсэн. Тэндээс аль болох гайгүй гэснийг нь ачихгүй бол угаасаа Монголд ирээд гологдол болох болохоор ашгаа бодоод аль сайныг нь ачихыг хичээдэг гэсэн.
Тэгэхээр хогон дээр хэвтэж байсан дугуйг түүгээд авдаг мэтээр бичиж, ярих нь зохисгүй. Хуучин дугуйн импортыг зогсоолоо гэж бодоход гарахсөрөг үр дагавар байгааг ч мартаж болохгүй. Тухайлбал техникийн сэлбэг зардаг захуудад машины импортын дугуй зарж амьдралаа залгуулдаг наймаачид олон. Яг таг тоог нь гаргаж чадахгүй ч, нэлээд хэсэг хүний амьдрал “зогсоно” гэсэн үг.
Хоёрдугаарт худалдан авагчид байна. Зарим нэг чадвартай нь л авахаас биш ихэнх монголчуудад шинэ дугуй худалдаж аваад тавих бэл бэнчин үнэндээ алга. Шинэ дугуйны үнэ нэг ширхэг нь 100-аас дээшээ байна. Харин хуучин дугуй 30-40 мянга.
Тухайлбал СЭ-БО-ЦЭ компанийн дэлгуурт Prius машинд таарах хэмжээстэй шинэ дугуй яг одоо 165,000 тогрог байгаа гэнэ.Хэрэв дөрвөн дугуй авахаар бол үнийн зөрүү 50-60 биш даруй 440,000 төгрөг болж байна. Чухам энэ ялгаа л хуучин дугуй авах гол шалтгаан юм.Иргэдийн хувьд энэ бага тоо биш.
Тэр үнэтэй шинэ дугуй ч бас цаг нь болохоор хуучирч муудаад, гаднаас орж ирсэн хуучин дугуйнаас ч муу болох нь ойлгомжтой. Орлого , цалин нь хангалттай орны иргэдийн ганцхан улирал хэрэглээд солисон дугуйг машиндаа тавихад хэн гуайн эрх ашиг хохироод, хэний эруул мэнд хордоод байгаа юм бэ. Гагцхүү тодорхой хэмжээнээс их элэгдүүлэлгүй солих нь л чухал биз дээ. Ер нь авах размерийн дугуй нь шинэ дугуйнд байхгүй бол хуучныг авч хэрэглэхээс өөр ямар ч аргагүй.
Тиймээс хуучин дугуйг нэг их ад үзэлгүй боловсруулдаг үйлдвэрүүдийг нь дэмжээд өгөхөд ашигтай хаягдал болж болно шүү дээ. Заавал аюултай хаягдал болгох албагүй. Ер нь монголчуудад арай ч тэгж гал голомтондоо дугуй шатааж суух бодол, ухамсар байхгүй биз. Шатаах нь шатааж л байгаа байх. Гэхдээ олонх биш гэдгийг санууштай.
Гаалийн ерөнхий газраас авсан мэдээллээр энэ онд гадны 30 улсаас 183759 ширхэг шинэ дугуй импортолжээ. Үүнээс хамгийн их буюу 92340 ширхэг дугуйг БНХАУ-аас авсан байна. Дараа нь 36357 ширхэгийг Япон улсаас импортолжээ. Гааль дээр үнэлсэн нийт үнийн дүн нь 70.9 сая ам.доллар бөгөөд улсын төсөвт 11.7 сая ам.долларыг төвлөрүүлсэн байна.
Харин гадны таван орноос 918 мянган ширхэг хуучин дугуй импортолжээ. Япон, Солонгос, АНУ, Орос, Хонгконг гэсэн таван улсаас хуучин дугуй авдаг бөгөөд нийт хуучин дугуйны 80 хувийг Солонгос, Японоос импортолдог. Хуучин дугуйны гаалийн үнэлгээ 9-14 ам.доллар бөгөөд энэ онд импортолсон хуучин дугуйны нийт үнийн дүн 13.7 сая ам.доллар болж, үүнээс улсын төсөвт 2.1 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мэдээж хуучин, шинэ гэдэг утгаараа үнэ ханшийн болоод улсын төсөвт оруулж байгаа мөнгө төгрөгний тоо зөрүүтэй байх нь ойлгомжтой. Тэглээ гээд хуучин дугуйг шахах бодлого барих нь хэр оновчтой вэ.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ