П.Баярцэнгэл аз жаргалтай ёодолчин болжээ


Дуучин П.Баярцэнгэлийн анхны бие даасан “Yodel” цомгийг Швейцарийн хөгжлийн агентлаг ивээн тэтгэн, үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Цомогт зургаан дуу багтсан бөгөөд гурав нь Швейцарийн хуучны yodel дуучдын алдартай дуу байх бол үлдсэн нь дуучин П.Баярцэнгэл өөрөө зохиосон дуу юм байна. Цомогт багтсан дуунуудын бичлэг “Дашка” студи хийсэн бол хөгжмийн найруулгаас эхлээд олон чухал асуудлыг нь дуучны ах П.Отгонцэнгэл хариуцан ажиллажээ.
Цомгийн нүүр зурагт дуучин залууг хөгжилтэй, аз жаргалтай хүүхэлдэйн баатрын дүрээр дүрсэлсэн нь уг цомгийн анхны сэтгэгдлийг төрүүлэх бол дуунуудаас нь түүний дотоод ертөнцийг илэрхийллийг олж харж болно. Түүний өмсөж зургаа авахуулсан хувцас нь Швейцар үндэстний yodel дуучдын өмсдөг хувцас юм байна.
Тэрээр yodel хэмээх энэ урлагийн Монголд анх танилцуулж байгаа гэдэг утгаараа анхны цомогтоо өөрийн дуулсан поп дуунуудаа оруулаагүй байна. Түүний шинэ цомогт орсон дуунууд бүгд yodel дуу бөгөөд хамгийн сүүлд “Holly dolly” хэмээх дууны клипээ үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Ийнхүү дуучин П.Баярцэнгэл уран бүтээлийн хувьд зоримог алхам хийж Монголчуудын хувьд дэлгэрч амжаагүй байгаа урсгалын дуугаар анхлан цомог гаргалаа. Цомгийн танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагт “UBS” телевизийн байранд болох бол цомгийн нээлт энэ сарын 14-нд 22:00 цагаас “Centro” клубт болох нь ээ. Цомгийн баяр тоглолт хэлбэрээр зохиогдох бөгөөд энэ үеэр залуу дуучин Хишигдалай, Зоригт, Ану, рэппэр Жени, Мотив, Crush Bush зэрэг хамтлагууд ая дуугаа өргөх юм. Мөн дуучин залуу yodel болон поп дуунуудаа дуулж, эхэнд ирсэн сонсогчиддоо шинэ цомгоо бэлэглэх гэнэ. Харин цомгийн баярын дараа 15 мянган төгрөгийн үнэтэйгээр зарагдаж эхлэх юм байна.
Сонирхуулахад дуучин П.Баярцэнгэл тун удахгүй нээлтээ хийх “Шинэ жилийн адал явдал” уран сайхны кинонд тоглосон бөгөөд дууг нь дуулсан байна. Мөн тэрээр ирэх оны хоёрдугаар сард поп дуунуудаасаа бүрдсэн цомог гаргахаар төлөвлөсөн бол ирэх долдугаар сард болох yodel дууны олон улсын фестивальд оролцож туршлага судлахаар бэлтгэж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ